Герман улсад оюутан солилцоогоор яваад ирсэн нэг семестр надад богино хугацаанд олон зүйлийг ойлгуулж мэдрүүлсэн чухал цаг үе байлаа. “DAAD TNB” тэтгэлэг миний хувьд хөгжингүй улс оронд хэсэг хугацаанд оюутны хувиар амьдрангаа, тухайн улсын ард иргэдийнх нь соёл, үзэл бодлыг орчинд нь ойлгож мэдэх гайхалтай боломжийг олгосон тэтгэлэг байсан. Ялангуяа Герман болон өөр улсын оюутнуудтай багаар ажиллан, хамтдаа суралцан найзууд болцгоосон нь юмсыг өөр өнцгөөс харж сурахад минь хамгийн их нөлөөг үзүүлсэн. Суралцахын хажуугаар ойролцоох улс орон, хотууд руу аялсан нь маш гоё дурсамж, сэтгэгдэл үлдээсэн. Аялж байхдаа Монгол улсад минь байсан ч болоосой гэж бодогдсон, үлгэр жишээ авахуйц олон зүйл тааралдсан болохоор цаашдаа улс орноо хөгжүүлэхэд өчүүхэн ч гэлтгүй өөрийн хувь нэмрээ оруулах юм сан гэсэн бодол төрсөн. Энэ хугацаанд бие биедээ хань болж, урам дэм өгч, тусалж байсан ангийн найзууддаа, мөн ийм сайхан боломжийг олгосон сургуульдаа маш их баярлалаа.