Сургалт, оюутны асуудал хариуцсан алба

Сургуулийн зүгээс оюутны мэргэжлийн мэдлэг болон хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлээр өргөн хүрээтэй олон ажлыг хэрэгжүүлдэг. Энэ чиглэлийн ажлыг оюутны хэрэгцээ шаардлага болон ашиг сонирхолд нийцүүлэн зохион байгуулахад онцгой ач холбогдол өгдөг. Мэргэжлийн чиглэлд болон хувь хүний хөгжилд гаргаж буй амжилт, ахиц дэвшлийг Сургалт, оюутны асуудал хариуцсан алба хариуцах бөгөөд оюутанд тулгарч буй аливаа асуудлыг хамтран шийдвэрлэх гарцыг нээж, дэмжлэг үзүүлэн зөвлөгөө өгч ажилладаг.  
 
Чиг баримжаа олгох долоо хоног:
Манай сургууль нь шинээр элссэн оюутнуудад зориулан чиг баримжаа олгох долоо хоногийн арга хэмжээг зохион байгуулдаг. Их сургуулийн оюутны амьдралын талаарх ойлголт, мэдээллийг шинэ оюутан энэ долоо хоногийн хугацаанд олж авдаг. Сургуулийн үйл ажиллагаа болон сургалтын хөтөлбөрүүдийн талаар бүрэн мэдээлэлтэй болохоос гадна шинэ оюутнууд Налайх дахь оюутны хотхоны амьдралтай илүү ойр танилцана. Жил бүр шинээр элсэж буй бүх оюутан хичээл эхлэхээс 7 хоногийн өмнө сургуулийн дотуур байрандаа байрлан чиг баримжаа олгох долоо хоногийн сургалтад хамрагдаж байна. 

Лекц, семинар:
МГТИС нь оюутнуудын сонирхол, хүсэлд нийцсэн лекцүүд болон арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулдаг. Тэдгээрийн нэг болох “Хайрцгаас гарч сэтгэцгээе” үйл ажиллагааг 2015 оноос эхлэн тус сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулж байна. Энэ уулзалтын үеэр оюутнууд МГТИС-ийн профессор багш нар болон гадаад орнуудаас уригдан ирсэн багш нартай уулзаж, ярилцах боломжтой. Мөн зочин илтгэгчийг урьж оролцуулан, оюутнуудтай чөлөөт ярилцлагыг өрнүүлдэг. Хэлэлцэх сэдвийг оюутнууд өөрсдөө сонгож болох бөгөөд тухайлбал амьдралд тулгарч болох асуудлууд, түүнийг хэрхэн даван туулах, амжилттай суралцах арга барил зэрэг сэдэв байдаг. 



Ажил мэргэжлийн үйлчилгээ:
Ажил мэргэжлийн үйлчилгээ нь тус сургуулийн бүх оюутанд нээлттэй бөгөөд ялангуяа төгсөх курсийн оюутанд чухал ач холбогдолтой. Уг үйлчилгээний гол зорилго нь оюутанд төгсөлтийн дараах ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох явдал юм. 2018 оны хаврын улирлын хугацаанд уг үйлчилгээний хүрээнд төгсөгчдөд ажлын байр олох, ажилд орох хүсэлт, анкет бөглөх заавар, зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлсэн бол ирээдүйд мэргэжлийн чиг хандлагыг эртнээс бүрдүүлэх зорилгоор уг үйлчилгээнд бүх оюутныг хамруулахаар зорин ажиллаж байна. 

Оюутны хөгжил - тэтгэлгүүд:
МГТИС нь оюутны хичээл сурлага болон хичээлээс гадуур хөгжих үйл ажиллагааг дэмжих зорилгоор 1. тус сургуулийн нэрэмжит сургалтын тэтгэлэг, 2. ГЭСА болон хамтрагч байгууллагуудын тэтгэлгүүд, мөн ЗГ-ын зээл, тусламжийн хөтөлбөрт хамрагдах боломжийг онцгойлон анхаарч ажилладаг. 2020-2021 оны намрын улиралд нийт элссэн орсон оюутнуудын 40 орчим хувь нь тэтгэлэг болон санхүүгийн тусламж, дэмжлэгт хамрагдаад байна. Дээрх тэтгэлгүүдээс гадна оюутнуудад сургууль дээр цагийн ажил эрхлэх боломжийг олгодог ба одоогийн байдлаар оюутнууд номын сан, компьютерийн лаборатори, болон Хэл, заах арга зүйн төвд ажиллаж байгаа нь тэдэнд ажиллангаа хичээлээ давтах боломжийг давхар олгодог. Нэг хичээлийн жилд нийт 4-6 оюутан цагийн ажил эрхэлж байна.

Хичээл, сурлагыг дээшлүүлэхэд үзүүлэх дэмжлэг:
Оюутны сурлагын дүнг Сургалт, оюутны асуудал хариуцсан албанаас улирал бүр шалгадаг бөгөөд доогуур дүн авсан оюутнуудтай албаны зүгээс биечлэн уулзаж зөвлөгөө өгдөг ба шаардлагатай үед багш нартай уулзуулах ажлыг зохион байгуулж, сурлага, мэдлэгээ сайжруулах тал дээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.