Яагаад Үйлдвэрлэлийн инженерчлэлийн бакалаврын хөтөлбөрийг санал болгодог вэ?

“Үйлдвэрлэлийн инженерчлэл”-ийн бакалаврын хөтөлбөр (B.Sc) нь шинээр байгуулагдаж байгаа болон одоо ажиллаж буй үйлдвэрлэлийн алдагдлыг бууруулах зорилгоор инженерийн мэдлэгийг санхүү, удирдлагын мэргэжлийн ур чадвартай хослуулан эзэмших хүсэлтэй залууст шаардлагатай мэдлэг чадварыг олгох хөтөлбөр юм. Өөрөөр хэлбэл, түүхий эд болон тоног төхөөрөмжийг зохистой ашиглах, цаг хугацаа, бараа материал, хүний болон санхүүгийн нөөцийг үр ашигтай зарцуулах замаар үйлдвэрлэлийн алдагдлыг бууруулах ур чадварт суралцах юм. Аливаа улс орон төдийгүй, дэлхий нийтэд хязгаарлагдмал нөөц боломжийг үр ашигтай ашиглах тухай ухамсар, соёл нэмэгдэхийн хэрээр Эдийн засагч инженерүүд нь олон талт салбар хоорондын чухал холбогч нь болж байна. Тиймээс МГТИС-ийн төгсөгчид Үйлдвэрлэл, Уул уурхай, Эрчим хүч, Логистик, Эрүүл мэнд, Аюулгүй байдал, Зөвлөх үйлчилгээ, Нийтийн үйлчилгээ, Хотын захиргааны болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудад ажил эрхэлж байна.



Яагаад
Үйлдвэрлэлийн инженерчлэл мэргэжлийг сонгох хэрэгтэй вэ?

Үйлдвэрлэлийн инженерчлэлийг бэлтгэх бакалаврын хөтөлбөрийн зорилго нь хүн, материал, эрчим хүчийг бүтээлчээр нэгтгэн систем удирдах чадварыг оюутанд олгох зорилгоор инженер, эдийн засаг болон бизнес удирдлагын мэдлэг, ур чадвар, чадавхыг хөгжүүлэхэд оршино. Энэ хөтөлбөрт процессын инженерчлэл, үйл ажиллагаа буюу үйлдлийн судалгаа, нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлага, инженерчлэлийн дизайн, маркетинг, төслийн менежмент зэрэг сэдэв хамаарна. МГТИС-д энэ мэргэжлээр суралцахдаа Та инженерийн болон бизнесийн үндсэн үйл ажиллагааг явуулах ур чадварыг эзэмших болно. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар Та Монголдоо болон олон улсад амжилттай ажиллахад бэлтгэгдэх боломжтой.
 
Яагаад МГТИС-д Инженерийн зэрэг авах хэрэгтэй вэ?

МГТИС-ийн хичээл, судалгаа нь бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх дадлагад суурилсан чиг баримжааг баримталдаг. Оюутнуудын дадлагад суурилсан чадвар, мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн дэмжлэг, олон улсын их сургууль гэсэн шинж чанар нь МГТИС-ийг Монгол дахь загвар их сургууль гэдгийг тодотгож байгаа юм. “Үйлдвэрлэлийн инженерчлэл”-ийн бакалавр нь Европын стандартын дагуу 240 кредит цагтай дөрвөн жилийн боловсролын хөтөлбөрийг дагаж мөрдөж байна. Түүнчлэн олон улсын магадлан итгэмжлэл нь оюутнуудыг Европын холбоо болон бусад улс оронд үргэлжлүүлэн суралцах уян хатан боломжийг олгодог. Сургалтын хэл англи хэл тул (дараа нь Герман хэл ордог) оюутнууд олон улсын хэмжээнд ажиллах бүрэн боломжтой. Сургалтын хөтөлбөрүүд нь дадлагад суурилсан сургалтыг голчилдог. Лекцээс гадна оюутнуудыг ажлын талбайд, лабораторид бэлтгэдэг. Тойрон аялал, дадлага олгогчидтой хийх уулзалтууд, мэргэжлийн дадлагын ажил зэрэг нь оюутнуудыг боломжит ажил олгогчидтой холбох, тэдэнд ирээдүйн ажил мэргэжлийнх нь талаар ойлголт өгөхөд тустай. Эцэст нь хэлэхэд, олон улсын (Герман) туршлагыг эх орондоо эзэмшиж, үр шимийг хүртэж буй нь МГТИС-д инженерийн боловсролыг олгож буйн гол мөн чанар юм.