Оюутны клуб

МГТИС нь хотхон хэлбэрээр хөгжиж буй загвар их сургууль болохын хувьд оюутны амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон клубийн үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг. Оюутнууд сургалтын үйл ажиллагаанд хамрагдахаас гадна өөрсдийн сонирхол, хүсэлдээ нийцүүлэн оюутны клубүүдээс зохион байгуулдаг төрөл бүрийн арга хэмжээнд оролцож, чөлөөт цагаа үр дүнтэй,  зөв боловсон өнгөрүүлдэг. Эдгээр арга хэмжээ нь оюутнуудад өөрсдийгөө хөгжүүлж, авьяас чадвараа нээн илрүүлэхэд ихээхэн дэмжлэг болдог. Оюутан бүр өөрийн сонирхсон клубт элсэн орох болон шинээр клуб байгуулах эрхтэй. Одоогоор сургалт, сайн дурын, спортын, урлагийн чиглэлийн хэд хэдэн клуб үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нийт оюутны 60 хувь нь нэг болон түүнээс олон тооны клубт хамрагдаж байна. 

 
Клубүүдийн төрөл, үйл ажиллагаа:

1. Auto-Cad клуб: AutoCAD, Lumion, 3D принтер гэх мэт мэргэжил, сургалтын хөтөлбөртэйгөө холбоотой олон төрлийн программ дээр ажиллаж сурна. 

2. Роботын клуб: Төрөл бүрийн робот бүтээх, хөгжүүлэх төслүүд дээр ажиллана. Одоогийн байдлаар оюутнууд Цэвэрлэгч роботыг бүтээж байна. 
 
3. Шатрын клуб: Шатраар дамжуулан оюун ухаанаа хөгжүүлж, хамтдаа хичээллэнэ. Шатар тоглож сурах хүсэлтэй оюутнуудад мөн нээлттэй. 
 
4. Герман хэлний клуб: Герман хэлний ярианы чадвараа хамт хөгжүүлдэг ба уулзалт бүр дээрээ гаднаас зочин урьж Герман хэлээр хоорондоо ярилцдаг. 

5. Номын клуб: Олон төрлийн сонирхолтой ном уншин, хоорондоо чөлөөт ярилцлага өрнүүлдэг ба ном унших дуртай бүх оюутанд нээлттэй. 
 
6. Мэтгэлцээний урлагийн клуб: Мэтгэлцэх болон тунгаан бодох чадваруудаа хөгжүүлэхэд зориулагдсан клуб.

7. “Лава” сайн дурын клуб: Оюутнууд хамтдаа нэгдэн сайн дурын ажлууд хийдэг ба бусад оюутнуудыг сайн дурын ажилд идэвхтэй оролцохыг уриалдаг.

8. Кино урлагийн клуб: Хамтдаа кино үзэж, кинонуудынхаа талаар хоорондоо ярилцдаг. Мөн гэрэл зураг хэрхэн авах, түүнийгээ хэрхэн засварлах талаар суралцана. 
 
9. Амьд хөгжмийн клуб: Гитар, бөмбөр, төгөлдөр хуур гэх мэт хөгжмийн зэмсгүүдийг сурахын хажуугаар дуу дуулах зэргээр төрөл бүрийн арга хэмжээнд урлагийн үзүүлбэр үзүүлэх боломжтой.

10. Бүжгийн клуб: Монголын уламжлалт бүжиг сурч, сургуулийнхаа нээлтийн болон төгсөлтийн ёслол зэрэг үйл ажиллагаа дээр тоглолт үзүүлэх боломжтой.
 
11. Волейболын клуб: Эрүүл, хүртээмжтэй орчинд волейболоор хичээллэн, өөрсдийгөө чийрэгжүүлж, спортын чадвараа хөгжүүлэх боломжтой. 
 
12. Өглөөний клуб: Өглөө эртлэн босож, хамтдаа хичээлээ давтах, явган аялал хийх, бясалгал, дасгал хийх зэрэг янз бүрийн арга хэмжээнд оролцож эрүүл амьдралын дадлыг хэвшүүлэх зорилготой.