МГТИС-ийн сургалт: 360° Монголын ирээдүйн инженерийг бэлтгэх боловсролын туршлага

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) сургалт, судалгаа эрхлэх дээд боловсролын байгууллага бөгөөд нийгэмд үйлчлэх үүрэгтэй. “МГТИС нь мэргэжлийн өндөр ур чадвартай, нийгмийн хариуцлагатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инженерийг бэлтгэх, мөн нийгэмд үр өгөөжтэй дэвшилтэт судалгаа, инновацыг хөгжүүлж Монгол Улсад хувь нэмэр оруулах зорилготой билээ. Бид германы дээд боловсрол, шинжлэх ухааны тэргүүн туршлагыг удирдлага болгож, монголын соёл, өвд баттай суурилан ажиллана. Сургалт, судалгаа нь бодит хэрэглээнд чиглэсэн, аж үйлдвэрийн түншлэлд түшиглэсэн байх бөгөөд бүтээлч, шүүмжлэлт, нээлттэй сэтгэлгээ, манлайллыг дэмжинэ.



Төрийн өмчит Монгол Улсын их сургуулиудын нэг МГТИС нь Монгол Улсын, цаашлаад даяарчлагдсан нийгмийн сайн сайханд чиглэсэн сургалт, судалгаа явуулах үндсэн зорилготой. Энэхүү зорилгыг биелүүлэхийн тулд МГТИС нь дэлхийн олон орон, түүний дотор ХБНГУ-ын их сургуулиуд нэгдэн орсон "Magna Charta Universitatum" буюу Их сургуулийн үндсэн зарчмын тунхаглалыг мөрдлөг болгон сургуулийн бие даасан, хараат бус байдал, сургалт, судалгааны эрх чөлөө, нэгдлийг хангаж ажиллана. МГТИС-ийн бүхий л үйл ажиллагаанд ёс зүйн зарчмыг чанд мөрдөж, жендерийн тэгш байдлыг хангах ба яс үндэс, гарал үүсэл зэрэг аливаа чиг баримжаагаар ялгаварлахгүй байхыг эрхэмлэнэ. 

Бакалаврын хөтөлбөр:
МГТИС-ийн бакалаврын хөтөлбөрт суралцсанаар та олон улсад өрсөлдөх инженер болж бэлтгэгдэнэ. Сургалтын үндсэн хэл нь англи хэл учраас та бүхэн англи хэлний зохих чадвартай, мөн математик, физик, химийн тодорхой түвшний мэдлэгтэй байх шаардлагатай.

Та бакалаврын дараах хөтөлбөрүүдэд суралцаж болно:

Уул уурхайн боловсруулах инженер
Механик инженер
Эдийн засагч инженер
Хүрээлэн буй орчны инженер
Мехатроник инженер
Эрчим хүч, цахилгааны инженер

Манай бакалаврын хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдсэн бөгөөд төгсөгчид Герман, Европ болон бусад орнуудад үргэлжлүүлэн магистрт суралцах боломжтой. Удахгүй бид шинэ хичээлийн жилээс “Эрчим хүч, цахилгааны инженер”-ийн бакалаврын хөтөлбөр, мөн механик инженерийн хөтөлбөрийн нэг хэсэг “Мехатроник”-ийн бакалаврын хөтөлбөрийг тус тус шинээр эхлүүлэх болно. Манай төгсөгчид Монголын болон олон улсын компаниудад шууд ажил эрхэлж байгаа нь тэдний дор дурдсан мэдлэг, ур чадвар, хандлагатай холбоотой (4 жилийн турш Европын кредит цаг шилжүүлэн тооцох систем (ECTS) –ийн 240 кредит цаг). Үүнд:
  • Асуудлыг шийдвэрлэхдээ математик, шинжлэх ухаан, инженерчлэлийн зарчмуудыг хэрэглэх;
  • Асуудлыг таньж, анализ хийх, асуудал шийдэх инженерийн шийдлийг боловсруулах, мөн цогц шийдлүүдийг хэрэгжүүлэх;
  • Дизайн, боловсруулалт, хөгжүүлэлт, нийлүүлэлтэд үнэлгээ өгөх, тэдгээрийг хэрэглэх мөн судалгааны арга зүйн зөвлөх үйлчилгээ өгөх;
  • Асуудал шийдвэрлэх инженерийн шийдэлд мэдээллийн технологийг хэрэглэх;
  • Өргөн хүрээний болоод салбар дундын асуудлыг шийдэхийн тулд олон улсын багт ажиллах
Одоогийн байдлаар сургуулиа төгсөөд хэдхэн сарын дотор нийт төгсөгчид 100 хувь мэргэжлээрээ ажил эрхэлж байна.



Инженерийн бэлтгэл хөтөлбөр
Англи хэлний болон байгалийн ухааны мэдлэгээ дээшлүүлж бакалаврын хөтөлбөрт элсэн суралцах зорилготой оюутнууд нэг жилийн турш “Инженерийн бэлтгэл хөтөлбөр”-т хамрагдах боломжтой. Инженерийн бэлтгэл хөтөлбөр нь математик, физик, хими, мэдээллийн технологи, англи хэлний суурь мэдлэгийг бататгах зорилготой бөгөөд энэ нь бакалаврын хөтөлбөрт суралцах суурь болдог.  Инженерийн бэлтгэл хөтөлбөрийн Хичээлийн гарын авлагыг татаж авна уу. 

Магистрын хөтөлбөр (M.Sc. + MBA)
Олон улсын магистрын зэрэгтэй болохыг хүсэж буй оюутнуудад дараах хоёр хөтөлбөрийг санал болгож байна:

Эрдэс баялгийн дэвшилтэт хөгжил магистрын хөтөлбөр (AMRD)
“Эрдэс баялгийн дэвшилтэт хөгжил” Олон улсын магистрын хөтөлбөрт суралцсанаар манай хамтрагч их сургуулиуд болох Австрийн Монтаны их сургууль, Германы Фрайбергийн уул уурхайн их сургуулийн “шинжлэх ухааны магистр” зэргийг авах боломжтой. Энэхүү хамтарсан магистрын хөтөлбөрөөр 120 (ECTS) кредит цагийг нийт дунджаар дөрвөн семестр (хоёр жил) суралцана. Бүх оюутан эхний семестрээ Австрийн Монтаны их сургуульд суралцаж, дараагийн семестрээ Германы Фрайбергийн уул уурхайн их сургуульд, харин сүүлийн 2 семестрээ МГТИС-д суралцана. Энэ хөтөлбөрийн элсэлт жил бүрийн 10-р сард Лөбен хотод эхэлдэг. Сургалтын хэл англи хэл.

Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежмент (IMRE)
Оюутнууд “Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежмент” олон улсын магистрын хөтөлбөрт суралцаж дүүргэснээр “Бизнесийн удирдлагын магистр”-ын зэрэгтэй болно. Энэхүү хөтөлбөр нь байгалийн баялаг болон хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлд илүү гүнзгийрүүлсэн бизнесийн болон менежментийн мэдлэг олгоно. Тийм ч учраас бид энэ хөтөлбөрөө “ногоон” гэж нэрлэсэн нь учиртай. Энэхүү магистрын хөтөлбөр нь Монгол Улсын төдийгүй олон улсын цар хүрээг хамарсан геосистем, экологи, уул уурхайн инженерчлэл, хууль эрх зүй, эдийн засаг, санхүү, менежментийг багтаасан бөгөөд салбар дундын гэдгээрээ онцлог. Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрөөр нийт 120 (ECTS) кредит цаг цуглуулах бөгөөд үндсэн 4 семестртэй (2 жилийн). Хөтөлбөр 10-р сард эхэлнэ. Сургалтын хэл нь англи хэл.

Докторын сургалтын хөтөлбөр
Судалгаанд суурилсан их сургууль болох зорилтын хүрээнд бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн докторын хөтөлбөрөө эхлүүлэхээр ажиллаж байна. 

Герман хэл
МГТИС-ийн олон оюутан Германд 14 долоо хоногийн үйлдвэрийн дадлага хийх, мөн Германы их сургуулиудад цаашид магистрын хөтөлбөрт суралцах хүсэлтэй байдаг. Тиймээс бид оюутнууддаа герман хэл (B2 түвшин хүртэл) сонгон суралцах боломж олгодог.