Яагаад Эрдэс баялаг, боловсруулалтын инженерчлэлийн хөтөлбөрийг санал болгодог вэ?

Монгол Улсын ирээдүйн хөгжил түүхий эд, эрдэс баялгаас ихээхэн хамааралтай. Тиймээс МГТИС нь нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх зорилгоор “Эрдэс баялаг, боловсруулалтын инженерчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөрөөр бид таныг дэлхийн түвшний инженер болгон бэлтгэхийг эрмэлзэж байна. 
 

 
Яагаад Эрдэс баялаг, боловсруулалтын инженерчлэлийн мэргэжлээр суралцах хэрэгтэй вэ?

"Эрдэс баялаг, боловсруулалтын инженерчлэл"-ийн бакалаврын хөтөлбөр нь Уул уурхай, боловсруулах салбар болон холбогдох аж үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй гадаад мэргэжилтнүүдийг орлохуйц бүхий л ур чадварыг танд олгоно. Таны МГТИС-д эзэмшсэн мэдлэг ур чадварт үндэслэн Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. МГТИС-ийн ирээдүйн төгсөгч та анхдагч түүхий эдийн олборлолт, боловсруулалтын салбарт ажиллахын зэрэгцээ байгалийн нөөцийг тогтвортой ашиглах ур чадварт суралцана.

Эрдэс баялаг, боловсруулалтын инженерчлэл хөтөлбөрийн бас нэгэн чухал хэсэг нь хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулах үйл ажиллагаа юм. Ийнхүү хог хаягдлыг шууд булах, шатаах асуудлыг шийдвэрлэснээр эдийн засгийг эргэлтэд оруулж, дэмждэг сайн талтай.  

Сургалтын явцад та түүхий эд, технологийн инженерчлэлийн мэдлэг, чадвар, чадамжийг эзэмшихийн зэрэгцээ машин, техник, технологийн хэлхээ холбоо, боловсруулалт, боловсруулах үйлдвэр зэрэг ил болон далд уурхайг төлөвлөх, хянах, удирдах боломжийг олгоно. Мөн байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжиж буй түүхий эд, боловсруулалтын төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэлийг судлах чадварыг эзэмшинэ. 
 

МГТИС-д инженерийн мэргэжлээр суралцахын давуу тал нь юу вэ?
 
МГТИС нь олон улсын стандартыг шингээсэн, загвар их сургууль болон хөгжиж байна. “Эрдэс баялаг, боловсруулалтын инженерчлэл” бакалаврын хөтөлбөр нь Европын стандартын дагуу 240 кредит оноо (ECTS) бүхий дөрвөн жилийн (8 хичээлийн семестр) бакалаврын боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Олон улсын магадлан итгэмжлэл нь МГТИС-ийн оюутнуудад Герман, Европ болон бусад оронд ахисан түвшинд үргэлжлүүлэн суралцах уян хатан боломжийг олгодог. Сургалтын хэл нь англи хэл бөгөөд герман хэлний мэдлэгийг сонгон судлах хичээлээр олгож байна. 

Энэ нь суралцагчдын хувьд олон улсын түвшинд ажиллах, мэргэжил дээшлүүлэхэд давуу тал болно. Сургалтын хөтөлбөрүүд нь дадлагад суурилсан тул лекц, семинараас гадна оюутнуудыг лаборатори, үйлдвэрлэлийн дадлагад тогтмол хамруулдаг. Танилцах дадлага, мэргэжилтнүүдтэй хийх уулзалт, үйлдвэрлэлийн дадлага зэрэг нь оюутнуудыг боломжит ажил олгогчидтой холбож, ирээдүйн ажил мэргэжлийн сонголтын талаарх өргөн хүрээний ойлголтыг өгдөг. Манай оюутнууд Герман боловсролд суурилсан инженерийн мэдлэгээ Монголдоо төдийгүй олон улсад ашиглах бүрэн боломжтой.