ШИНЖЛЭХ УХААНЫГ ӨӨРИЙН ГАРААР ТУРШИЖ, СОНИУЧ ЗАНГАА НЭЭХ SCIENCE FIELD TRIP ХӨТӨЛБӨР

ШИНЖЛЭХ УХААНЫГ ӨӨРИЙН ГАРААР ТУРШИЖ, СОНИУЧ ЗАНГАА НЭЭХ SCIENCE FIELD TRIP ХӨТӨЛБӨР

Шинжлэх ухааныг зөвхөн онолоор судлах бус, **өөрийн гараар туршиж, бодитоор мэдэрч, сониуч зангаа нээх** боломжийг сурагчдад олгох зорилготой SCIENCE FIELD TRIP хөтөлбөрийг Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) хэрэгжүүлж байна.

Хими, физик, мэдээллийн технологи зэрэг судлагдахуунуудыг сурагчдад зөвхөн хичээлээр тайлбарлах бус, туршилт, практик үйл ажиллагаагаар дамжуулан ойлгуулах нь уг хөтөлбөрийн гол онцлог юм. Сурагчид өөрсдөө туршилт хийж, технологитой танилцаж, бүтээлээ өөрийн гараар бий болгох замаар шинжлэх ухааныг илүү ойроос танин мэднэ.

Мөн хөтөлбөрийн хүрээнд **Growth Mindset буюу өсөх сэтгэлгээ**, багаар ажиллах үйл ажиллагаа, их сургуулийн оюутнуудтай уулзаж ярилцах, инженерийн мэргэжил болон цаашдын суралцах боломжуудын талаар мэдээлэл авах зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Ийнхүү нэг өдрийн хөтөлбөрөөр дамжуулан сурагчдад зөвхөн шинэ мэдлэг олгохоос гадна **“Яагаад?”, “Хэрхэн?” гэж асууж, өөрөө туршиж, хариултыг эрэлхийлэх** сониуч занг нь дэмжихийг зорьж байна. Энэ нь шинжлэх ухаан, технологийн хичээлүүдийг илүү ойлгомжтой, сонирхолтой болгохын зэрэгцээ сурагчдыг шинжлэх ухаанд дурлах, цаашид илүү ихийг судлах хүсэлтэй болоход хөтлөх ач холбогдолтой.


Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн сурагчид эхний оролцогчид боллоо

SCIENCE FIELD TRIP хөтөлбөрийн эхний оролцогчдоор Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн 10–11 дүгээр ангийн сурагчид хамрагдлаа.

Сурагчид МГТИС-ийн лаборатори, сургалтын орчинтой танилцаж, хими, физикийн туршилт хийх, 3D хэвлэлийн технологитой танилцах, өөрийн бүтээлийг хийх, Growth Mindset-ийн үйл ажиллагаанд оролцохын зэрэгцээ их сургуулийн оюутнуудтай нээлттэй ярилцлаа.

Хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл, үнэлгээ **өндөр байсан бөгөөд** тэд өөрсдөө туршилт хийж үзэх, шинэ зүйл бүтээх, их сургуулийн оюутнуудтай уулзаж ярилцах зэрэг үйл ажиллагааг онцлон сонирхож байв.

Сурагчдын хувьд шинжлэх ухааныг зөвхөн сурах бус, **өөрөө туршиж, хийж, мэдэрч үзсэн нэг өдөр** нь тэдний сониуч занг өдөөж, шинжлэх ухаан, технологийн талаарх ойлголтоо шинэ өнцгөөс харах боломж болжээ.


SCIENCE FIELD TRIP нь цаашид сурагчдад шинжлэх ухаан, технологийг илүү ойроос танин мэдүүлэх, практик туршлагаар дамжуулан суралцах боломж олгох, улмаар тэдний **шинжлэх ухаанд суралцах сонирхол, сониуч байдлыг дэмжих** зорилгоор үргэлжлэн хэрэгжих юм.