“Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын (M.Sc.) шинэ хөтөлбөрийг цахимаар танилцууллаа

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед “Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын шинэ хөтөлбөрийн (M.Sc.) танилцуулгыг цахимаар амжилттай зохион байгууллаа. 

“Монголын шинэ үеийн инженерүүдийн давалгаанд нэгдэцгээе!” уриан дор болсон уг цахим танилцуулгад байгалийн ухаан, инженер, технологийн чиглэлээр шинжлэх ухааны магистрт суралцахаар зорьж буй 40 гаруй хүн оролцлоо. Арга хэмжээг нээж МГТИС-ийн Захирал Проф. Б.Батцэнгэл мэндчилгээ дэвшүүлэн, Сургалт хариуцсан дэд захирал Проф. Л.Алтангэрэл хөтөлбөрийн товч танилцуулгыг хийсэн юм. Түүнчлэн Механик инженерийн профессор Сунгчил Лий “Судалгаанаас шийдэлд шилжих” нь, Институцийн эдийн засаг, менежментийн профессор Ч.Энхзаяа “Нийгмийн харилцааны ур чадвар шинжлэх ухаан, технологид” сэдвээр илтгэл танилцууллаа. Энэ үеэр оролцогчдын сонирхсон асуултуудад хариулт өгч, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.



2021 оны хаврын семестрт эхлэх энэхүү Ахисан түвшний сургалтын хөтөлбөрийг МГТИС-ийн ХБНГУ-ын түнш их сургуулиуд, байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд, Монгол Улсын аж үйлдвэрлэлийн салбарын онцлог хэрэгцээнд нийцүүлэн боловсруулснаараа ихээхэн онцлогтой. МГТИС-ийн зүгээс цахим танилцуулгыг цаашид харилцагч аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран хийхээр төлөвлөж байна. Иймд инженерийн болон байгалийн ухааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй, магистрын зэрэг эзэмшихээр зорьж буй залуус, мөн мэргэжилтнүүдээ тус хөтөлбөрт сургах сонирхолтой байгууллагуудыг дараагийн цахим уулзалтад оролцохыг урьж байна.







Холбоо барих: 99031692, 80096911
И-мэйл: info@gmit.edu.mn
Вэб хуудас: www.gmit.edu.mn