МГТИС-ийн төгсөгчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дипломоо гардан авлаа

Энэ өдөр 15 төгсөгч Бакалаврын дипломоо гардан авлаа. Арга хэмжээний нээлтэд Захирал Н.Дорждэрэм төгсөгчид, тэдний эцэг эх гээд 200 гаруй зочдод мэндчилгээ дэвшүүлэн, шинэхэн төгсөгчиддөө амжилт хүссэн юм. БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын дарга Д.Баяр Монгол, Герман хоёр орны энэхүү хамтарсан их сургууль амжилттай урагшилж, хөгжиж буйг цохон тэмдэглээд цаашид ч Монголын БСШУСЯ-наас дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ. Ноён ХБНГУ-ын ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны дарга Ёханнес Шнайдер шинэхэн төгсөгч инженер залуустаа цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэв. Тэрээр Монголын зах зээлд инженерүүд өндөр мэдлэг чадвартай байх шаардлагатай байгаа бөгөөд түүнийг хангахад МГТИС-ийн сургалт томоохон хувь нэмэр үзүүлнэ гэлээ.

Тус сургуулийн УЗ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Проф.Др. Петр Шүлтэ инженер шиг олон талын боломжийг олгодог мэргэжил тун ховор. Тиймээс мэргэжилдээ гологдохгүйн тулд насан туршдаа суралцахаас гадна мэргэжлийн ёс зүй, хариуцлагаа ухамсарлаж явахыг захилаа. Штефан Бийнэфэлд (DAAD) бүх төгсөгчиддөө ажил, хөдөлмөрийн гараанд нь амжилт хүсээд, МГТИС-д олон улсын шилдэг хөтөлбөрөөр суралцан төгсөж буйг нь онцлон тэмдэглэсэн юм. Хүндэт зочдоор Налайхын Засаг дарга Ч.Раднаабазар, ЕБС-ийн захирал, багш нар болон компаниудын төлөөллүүд оролцлоо. “Оюу Толгой” ХХК-иас хоёр шилдэг төгсөгчийг тус компанийн шинэ төгсөгч хөтөлбөртөө урилаа.
           
Энэ удаагийн төгсөлтийн баярын хувьд ихээхэн онцлогтой болж байгаа. Учир нь МГТИС нь 2019 оны дөрөвдүгээр сард Европын дээд боловсролын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын ACQUIN (Герман) байгууллагаас Олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээ гардан авсан билээ. Тиймээс тус сургуулийн төгсөгчдийн өмнө олон улсын томоохон байгууллага, төсөл хөтөлбөрүүдэд ажиллахаас гадна дэлхийн шилдэг их сургуулиудад үргэлжлүүлэн сурах үүд хаалга нээлттэй болж байгаа юм. Энэхүү магадлан итгэмжлэлээр итгэмжлэгдсэн дипломоо МГТИС-ийн шинэхэн төгсөгчид ийнхүү гардан авч байна.

Профессорууд болон хүндэт зочид тус сургуулийн Механикийн инженер, Уул уурхайн боловсруулах инженер болон Хүрээлэн буй орчны инженерээр төгсөгчдөд Бакалаврын дипломыг нь гардууллаа. Уг арга хэмжээний зочны илтгэлийг “Монголиан Майнинг” корпорацийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл тавьсан юм. Тэрээр залуу инженерүүдэд Герман зүйр үгээр дамжуулан ажил мэргэжилдээ хэрхэн амжилт гаргаж болох тухай зөвлөгөө өгөв. Энэ жилийн төгсөгчийн сэтгэгдлийг Н.Дөлгөөн илэрхийллээ. Тэрээр МГТИС-д инженерийн хөтөлбөрт суралцахын давуу талууд болон Налайхад байрлах хотхоны амьдралын талаар өөрийн сэтгэгдэл, дурсамжаа хуваалцлаа.

Дашрамд дурдахад, МГТИС нь 2019 оны хичээлийн жилд оюутан элсүүлэн авах хоёр дахь Элсэлтийн шалгалтаа 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар-Налайх (МГТИС-ийн хотхон), Эрдэнэт, Дархан хот болон Сэлэнгэ аймагт зохион байгуулах гэж байна. Элсэлтийн шалгалт нь зөвхөн Англи хэлний шалгалтаас бүрдэх ба Англи хэлний шалгалтын босго оноо нь В2 (дундаас дээш түвшний) ба түүнээс дээш байна. Элсэлтийн шалгалтад тэнцсэн элсэгчдийн ЭЕШ оноо нь Математик, Физикийн шалгалтуудад тус бүр 650 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд Бакалаврын хөтөлбөрт элсэх болзлыг бүрэн хангасан гэж үзнэ.