МГТИС-ийн профессор Л.Алтангэрэл Дэлхийн Математикчдын Конгресс (ICM 2026)-т Монгол Улсаа төлөөлөн илтгэл хэлэлцүүллээ
МГТИС-ийн профессор Л.Алтангэрэл Дэлхийн Математикчдын Конгресс (ICM 2026)-т Монгол Улсаа төлөөлөн илтгэл хэлэлцүүллээ.
Монгол-Германы хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль (МГТИС)-ийн Математикийн профессор Л.Алтангэрэл 2026 оны 7 дугаар сарын 20–21-ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Олон Улсын Математикийн Холбоо (International Mathematical Union, IMU)-ны Ерөнхий Ассемблейд Монголын Математикийн Нийгэмлэгийг төлөөлөн оролцлоо.
Түүнчлэн профессор Л.Алтангэрэл 2026 оны 7 дугаар сарын 23–31-ний өдрүүдэд АНУ-ын Филадельфиа хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн Математикчдын Конгресс (International Congress of Mathematicians – ICM 2026)-д амжилттай оролцож, “Tseng's Type Methods in Continuous and Discrete Time for Quasi-Variational Inequalities” сэдвээр эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүллээ.
Дэлхийн Математикчдын Конгресс нь дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн хамгийн нэр хүндтэй математикийн эрдэм шинжилгээний арга хэмжээний нэг юм. Энэхүү хурал нь дэлхийн шилдэг математикчид, судлаачид, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэгтгэн, математик шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүн, чиг хандлага, хамтын ажиллагааны боломжийг хэлэлцдэг онцгой ач холбогдолтой форум юм.
Профессор Л.Алтангэрэл энэхүү нэр хүндтэй олон улсын хуралд Монгол Улсаа төлөөлөн оролцох өрсөлдөөнт олон улсын грантад шалгарч, оролцсон нь Монголын математикийн судалгаа, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болж байна.
МГТИС нь профессор Л.Алтангэрэлийн энэхүү амжилтаар бахархаж байгаа бөгөөд түүний олон улсын түвшний судалгааны үйл ажиллагаа нь их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны чанар, нэр хүндийг дэлхийн хэмжээнд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.
МГТИС-ийн хамт олны зүгээс профессор Л.Алтангэрэлд цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.