Налайх дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв
Налайх дүүргийн Боловсролын хэлтэс болон нийслэлийн лаборатори 119-р сургуулийн удирдлагууд Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд хүрэлцэн ирж, Ректор, багш мэргэжилтнүүдтэй хамтарсан уулзалт хийлээ. Уулзалтаар 119-р сургуулийг байгалийн ухааны судлагдахуун сургууль болгохоор зорьж, мөн англи хэлний хичээлийн цагийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг дурдаад, үүнд дээд боловсролын байгууллагын дэмжлэг оролцоо чухал байгааг зочид онцоллоо.
Түүнчлэн дээрх чиглэлээр багш нарыг чадавхжуулах, сургалтын хөтөлбөрийг сайжруулах, сурагчдыг байгалийн ухааны хичээлд сонирхолтой болгож, хөгжүүлэхэд хэрхэн хамтран ажиллах тухайд санал солилцон хэлэлцсэн юм.
Уулзалтын үр дүнд МГТИС нь Налайх дүүргийн Боловсролын хэлтэс, 119-р сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, тодорхой нарийвчилсан саналуудыг тусган ажиллахаар болов. Ингэхдээ, тус их сургуулийн тогтмол зохион байгуулдаг “Project week”, Багш нарын бага хурал, Англи хэлний багш нарын семинар, Нээлттэй өдөрлөгт Налайх дүүргийн багш, сурагчдыг өргөнөөр оролцуулж, туршлага хуваалцах зэрэг боломж байгааг МГТИС-ийн зүгээс онцолсон юм.