ASIIN болон БМИҮЗ-ийн хамтарсан олон улсын магадлан итгэмжлэлийн шинжээчдийн баг МГТИС-д ажиллаа
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) сургалтын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэхээр ХБНГУ-ын “ASIIN” болон Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн хамтарсан шинжээчдийн баг 2024 оны 11-р сарын 21-ээс 23-ны өдрүүдэд ажиллаа.
МГТИС нь 2019 онд бакалаврын 4 хөтөлбөрийг Европын холбооны ACQUIN байгууллагаар 5 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлүүлж байв. Энэ удаа бакалаврын Эрдэс баялаг, боловсруулалтын инженерчлэл, Хүрээлэн буй орчны инженерчлэл, Үйлдвэрлэлийн инженерчлэл, Механик инженерчлэл, Мехатроник, Цахилгааны инженер, мөн “Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистр зэрэг 7 хөтөлбөрийг олон улсын хамтарсан шинжээчдийн багаар магадлан итгэмжлүүлэхээр ажиллаж байна.
“ASIIN” болон БМИҮЗ-ийн хөндлөнгийн шинжээчдийн баг нь тус их сургуулийн удирдлагын баг, хөтөлбөрүүдийн зохицуулагч профессорууд, багш нар, Оюутны зөвлөл, оюутнууд, төгсөгчид болон хамтын ажиллагаатай аж үйлдвэрийн байгууллагуудын төлөөлөл тус бүртэй бүлгийн уулзалт хийхийн зэрэгцээ баримт бичгийн дүн шинжилгээг хийж гүйцэтгэсэн юм. Түүнчлэн сургуулийн лабораториуд, номын сан, дотуур байр зэрэг оюутны тав тухтай суралцах орчны нөхцөл байдалтай мөн танилцлаа. Олон улсын хамтарсан шинжээчдийн багаар эдгээр хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлснээр МГТИС-ийн төгсөгчид гадны их, дээд сургуульд үргэлжлүүлэн ахисан түвшинд суралцах, олон улсын түвшний тэргүүлэх компаниудад ажил эрхлэх, аливаа судалгаа, төслийн ажилд хүлээн зөвшөөрөгдөх боломж нээгдэж байгаа юм.
Энэхүү олон улсын хамтарсан магадлан итгэмжлэлийн ажлыг мөн ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны даалгавраар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж буй "GMIT IV" төсөл дэмжин ажиллаж байна.