Азийн их, дээд сургуулийн ерөнхийлөгч нарын чуулганд МГТИС-ийн туршлагыг танилцууллаа
[2024.11.01] Азийн их, дээд сургуулийн ерөнхийлөгч нарын 22-р чуулган (AUFP) 2024 оны 10-р сарын 30-аас 11-р сарын 1-ний өдрүүдэд БНСУ-ын Донгсёо их сургуулийн (DSU) Centum Campus Sohyang хөгжмийн театрт амжилттай зохион байгуулагдлаа. Тус чуулганд Азийн 14 орны 50 гаруй их, дээд сургуулийн удирдлагууд оролцож, дээд боловсролын салбарын ирээдүйн чиг хандлагын талаар зөвлөлдсөн байна.
2024 оны AUPF-ийн сэдэв нь "Дээд боловсрол дахь Азийн их сургуулиуд хоорондын стратегийн холбоо" байв. Төлөөлөгчид хил дамнасан дээд боловсролын байгууллагуудын шинэ загварыг хэрэгжүүлэх, хурдацтай өөрчлөгдөн хувьсаж буй өнөөгийн нөхцөлд тохирох хариу арга хэмжээг авах хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг хэлэлцэн санал нэгдсэн юм.
Чуулганы “Дээд боловсролын салбар дахь сургалтын шинэлэг загварууд” хэсэгт Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Ректор Проф. Б.Батцэнгэл илтгэл танилцуулан, тус их сургуулийн хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн туршлагаас хуваалцлаа. Түүнчлэн энэ үеэр Ректор Б.Батцэнгэл Япон, БНСУ, Хятад болон Макао зэрэг их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
Энэ удаагийн Азийн их, дээд сургуулийн ерөнхийлөгч нарын чуулганы эрхэм зорилго нь нээлттэй цахим боловсролын платформыг хөгжүүлэх, боловсролын агуулгыг хуваалцах замаар Азийн их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны сүлжээг бий болгох явдал юм.