“Тогтвортой ирээдүй: Налайх - Их сургуулийн ногоон хот” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа

[2024.11.08] Ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий тогтвортой ирээдүйд чиглэсэн их сургуулийн загвар хотыг нийслэлийн Налайх дүүрэгт төвлөрүүлэн хөгжүүлэх зорилготой “Тогтвортой ирээдүй: Налайх - Их сургуулийн ногоон хот” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр болж өндөрлөлөө. Бага хурлын ерөнхий зохион байгуулагчаар Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль, дэмжигч байгууллагаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар ажилласан юм.

Арга хэмжээний эхэнд оролцогчид Налайх дүүргийн уурхайн хаагдсан талбай, аж үйлдвэрийн парк, Дулааны цахилгаан станц, Сэргээгдэх эрчим хүчний станцтай танилцсан байна. Дараа нь хурлын үндсэн хэсэгт Эдийн засаг, хөгжлийн яам, Бүсчилсэн хөгжил, үндэсний хүрээлэн, Татварын ерөнхий газрын төлөөллүүд Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтөд Налайх дүүргийн болон бүсчилсэн хөгжлийн бодлого хэрхэн уялдаж байгаа, ногоон хөрөнгө оруулалтын ямар боломжууд байдаг талаар илтгэл танилцуулж хэлэлцүүлсэн байна.

Түүнчлэн дэд хэсэгт Кемницийн Техникийн их сургууль, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Налайх дүүргийн Боловсролын хэлтэс, МГТИС, ШУТИС-ийн Баририлга, архитектурын сургуулийн багш, судлаач, мэргэжилтнүүд ногоон санхүүжилтийн дэвшилтэт санаачилга, хүн амын шилжилт хөдөлгөөн, боловсролын байгууллагуудын оролцоо ба үр нөлөө, ХБНГУ дахь их сургуулийн хотуудын сайн жишээ, Налайх дахь хогны менежмент зэрэг асуудлыг хөндөн хэлэлцлээ. Төгсгөлийн постер презентацийн хэсэгт мөн тогтвортой хөгжлийн зорилтуудад чиглэсэн оюутан залуусын шинэ санаачилга, бүтээлүүдийг танилцуулсан юм.

Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлаар дамжуулан цаашид Ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий загвар хотыг хөгжүүлэхэд оролцох талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хурлын зорилго оршино.