Өмнөговь аймгийн багш нартай STEM сургалтын агуулгаар туршлага хуваалцлаа

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн багш нарын эрдэм шинжилгээ, онол-практикийн XI бага хурал 2024 оны 11-р сарын 1-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хурал “ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт STEM сургалтын агуулгыг нэвтрүүлэх арга зүй” сэдвийг онцолсон байна. Өмнөговь аймгийн Боловсролын газар тус бага хурлыг хамтран зохион байгуулж, дэмжлэг үзүүллээ.

Улаанбаатар хотоос МГТИС, МУИС, МУБИС-ийн багш профессорууд, Говь-Алтай аймаг, Өмнөговь аймгийн коллеж болон Ерөнхий боловсролын сургуулийн багш, судлаачид хуралд оролцож, илтгэгчид STEM хөтөлбөрийн талаарх мэдлэг туршлагаа хуваалцсан юм. Тухайлбал, STEM-ийг зөвхөн ахлах анги гэлтгүй бага, дунд ангийн сурагчдын дунд амжилттай хэрэгжүүлж буй гадны орны туршлага, сурагчдыг ямар арга барилаар STEM-ийн хичээлүүдэд сонирхолтой болгох тухай, шинэ үеийн хүүхдүүдтэй ажиллах багш нарын заах арга зүйг хэрхэн сайжруулах талаар гээд сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлсэн байна. Бага хурал үдээс өмнө нэгдсэн хуралдаан, үдээс хойш Англи хэлний багш нарын семинар болон байгалийн ухааны хичээлүүдийн уялдаа холбоог сайжруулах, STEM хөтөлбөрийн агуулгыг нэвтрүүлж буй туршлага солилцох боломжтой “STEM ба Англи хэл” гэсэн салбар хуралдаанаар үргэлжилсэн юм. 

МГТИС-ийн Багш нарын эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хурал нь 11 дэх удаагаа ийнхүү амжилттай болж өндөрлсөн бөгөөд өмнөх жилүүдэд Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Булган, Дорнод, Ховд аймаг болон Налайх дүүрэг дэх Боловролын газруудтай хамтран зохион байгуулж байв.