Үндэстэн дамнасан дээд боловсролын байгууллагууд ХБНГУ-д чууллаа
ХБНГУ-д “Нээлттэй орон зайг бий болгох нь: Мөргөлдөөн, хямралын үед үндэстэн дамнасан боловсролын үүрэг оролцоо” сэдэвт арга хэмжээ 2024 оны 10-р сарын 14, 15-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус арга хэмжээг Германы эрдмийн солилцооны албанаас (DAAD) зохион байгуулж, тус улсын хамтран үүсгэн байгуулсан үндэстэн дамнасан их сургуулиудын удирдлагууд, дээд боловсролын салбарын төлөөллүүд оролцсон байна.
Хурлын сэдэв нь өнөөгийн дэлхий дахинд тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, улс төрийн болон эдийн засгийн тогтолцооны зөрчилдөөн, олон улсын хамтын ажиллагааны асуудлыг хөндөж, үүнд дээд боловсролын гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцжээ.
Арга хэмжээний үеэр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Ректор Проф. Б.Батцэнгэл нь тус их сургуулийн хөгжлийн талаар, амжилттай хэрэгжүүлсэн жишээг өгүүлсэн илтгэл тавьж оролцлоо. Түүнчлэн тэрээр GMIT-GIZ төслийн дарга Сибастиан Бургхофын хамт Герман-Казахын хамтарсан их сургууль (DKU), Вьетнам-Германы хамтарсан их сургууль (VDU) болон Германы эрдмийн солилцооны албаны удирдлагуудтай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.