​Саксон мужийн Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга айлчиллаа

ХБНГУ-ын Саксон мужийн Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Др. Андреас Хандшух болон Фрайбергийн Техникийн их сургуулийн Захирал Проф. Др. Клаус Дитер Барбкнехт, Олон улсын харилцаа, хэлний төвийн захирал Катя Полански тэргүүтэй бусад төлөөлөгчид Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд айлчиллаа.

Айлчлалын хүрээнд Саксон мужийн төлөөлөгчид Монгол Улсын БШУЯ-ны төлөөлөл болон МГТИС-ийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийсэн юм. Энэ үеэр Захирал Проф. Б.Батцэнгэл тус их сургуулийн сургалт судалгаа болон бусад үйл ажиллагааны талаар танилцуулж, оюутнууд клубийн бүтээлүүдээ дэлгэн сонирхууллаа. Арга хэмжээ МГТИС болон Фрайбергийн Техникийн их сургуулийн Оюутан солилцооны хамтын ажиллагааны гэрээг сунгах ёслол болон оюутнуудад зориулсан Др. Андреас Хандшухын илтгэлээр үргэлжилсэн юм.

Түүнчлэн Хэлний төвийн ахлах багш Б.Батсүрэнгийн Германы хэлний хичээлийг сонирхсоны дараа Фрайбергийн Техникийн их сургуулийн Захирал Проф. Др. Клаус Дитер Барбкнехт нар Германд суралцах сонирхолтой оюутан залууст Зуны сургалт, Оюутан солилцооны хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, тухайн хөтөлбөрүүдэд хамрагдсан МГТИС-ийн оюутнуудын хамт чөлөөт ярилцлага өрнүүлж, удирдлагын баг болон багш судлаачидтай уулзаж ярилцлаа.

МГТИС-ийн оюутнуудын хувьд жил бүр ХБНГУ-ын дэмжлэгээр сургалтын төлбөрийн тэтгэлэг, танилцах аялал, семестр солилцооны хөтөлбөрүүдэд хамрагдаж байгаа. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд Герман дахь зуны хөтөлбөрт 82, “DAAD Sur-Place” тэтгэлэгт 202, “DAAD-TNB” солилцооны тэтгэлэгт бакалаврын 36, магистрын 5 оюутан хамрагдаж байжээ. Үүнээс Зуны хөтөлбөр болон оюутан солилцооны хөтөлбөрийг Фрайбергийн Техникийн их сургуульд хэрэгжүүлсээр ирсэн билээ.

Саксон мужийн төлөөлөгчдийн айлчлал 2023 оны 11-р сарын 11-ний Бямба гарагт Блю Скай зочид буудлын Даймонд танхимд зохион байгуулагдах Саксон мужийн “Боловсролын өдөрлөг” арга хэмжээгээр өндөрлөх гэж байна.