МГТИС-ийн оюутнууд “Хүрээлэн буй орчны инженерчлэл” эрдэм шинжилгээний хуралд өндөр амжилт гаргалаа

Дэлхийн Хүрээлэн буй орчны өдрийг тохиолдуулан “Хүрээлэн буй орчны инженерчлэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол, практикийн V бага хурал 2022 оны 6-р сарын 3-ны өдөр зохион байгуулагдлаа.

Жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг уг бага хурлыг МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, Дарханы ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургууль болон Эко Ази БОМДС хамтран зохион байгуулсан юм. Мөн дэмжигч байгууллагаар Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Монгол Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг - Усны газар, Монголын Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг, Цэвэр агаарын түншлэл ТББ ажиллалаа.

МУИС, МГТИС, ХААИС болон ШМТДС-ийн нийт 23 оюутан аман болон ханан илтгэл амжилттай хэлэлцүүлсэн байна. Үүний дотор МГТИС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн 4-р курсийн оюутнууд идэвхтэй оролцлоо.

Ингээд аман илтгэлийн төрөлд МГТИС-ийн оюутан Н.Буянбилиг “Монгол орны Говийн бүс нутгийн хүлэмжийн хийн олон жилийн явц, цаашдын хандлага, дулааралд үзүүлэх нөлөө” (удирдагч багш Г.Гантуяа) сэдэвт илтгэлээрээ 1-р байр, Т.Болорчимэг “Туул голын гадаргын усны урсац болон чанарт үзүүлж буй газар ашиглалтын нөлөөллийн үнэлгээний судалгаа” (удирдагч багш Ц.Ариунтуяа) илтгэлээрээ 2-р байр эзэлсэн байна. Түүнчлэн ханан илтгэлийн төрөлд “Орхигдсон бичил уурхайн нөхөн сэргээлтэнд нүүрсний үнсээр дүүргэлт хийх туршилтын хөрсний шинжилгээ” илтгэлээрээ Л.Байгаль дэмжигч байгууллагын нэрэмжит шагналыг хүртлээ.