MSEL LLC компани МГТИС-д тоног төхөөрөмж хандивлалаа

MSEL LLC компани МГТИС-д тоног төхөөрөмж хандивлалаа

2026 оны 9 дүгээр сарын 22 — MSEL LLC компани Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль (МГТИС)-д тоног төхөөрөмж хандивлах ёслол өнөөдөр МГТИС-ийн кампуст зохион байгуулагдлаа.

Арга хэмжээний үеэр МГТИС-ийн удирдлага, багш, профессорууд, МГТИС -ийн оюутнууд болон MSEL LLC-ийн төлөөлөл оролцож, хандивласан тоног төхөөрөмжийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн, тоног төхөөрөмжийн хэрэглээ, ач холбогдлын талаар мэдээлэл солилцлоо.

Ёслолыг МГТИС-ийн Ректор Проф. Б.Батцэнгэл нээж үг хэлсэн бол MSEL LLC-ийн Гүйцэтгэх захирал Чинбилэг компанийн зүгээс мэндчилгээ дэвшүүлж, тоног төхөөрөмж хандивлахын ач холбогдлын талаар байр сууриа хуваалцлаа.

Үүний дараа хандивласан тоног төхөөрөмжийн танилцуулга, үзүүлэнг зохион байгуулж, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлэн талархлын гэрчилгээ гардууллаа.

Энэхүү тоног төхөөрөмж нь МГТИС-ийн сургалт, лабораторийн орчныг дэмжих, оюутнуудын практик мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Мөн арга хэмжээний хүрээнд MSEL LLC-ийн төлөөлөгчдөд МГТИС-ийн кампусын лаборатори, номын сан болон бусад сургалтын орчинтой танилцах боломжийг олгож, Эрчим хүч ба цахилгааны инженерийн лаборатори, Физикийн лаборатори, Химийн лаборатори, Дэвшилтэт ашигт малтмалын шинж чанар тодорхойлох лаборатори, ашигт малтмалын үзүүлэнгийн цуглуулга болон МГТИС-ийн кампусын архитектурын загвартай танилцууллаа.

Арга хэмжээнд MSEL LLC-ийг төлөөлөн Гүйцэтгэх захирал Чинбилэг, инженер Ачболд, МГТИС-ийн зүгээс Ректор Проф. Б.Батцэнгэл, Санхүү, захиргааны асуудал хариуцсан дэд захирал Б.Энхбаяр, Сургалт хариуцсан дэд захирал Ч. Энхзаяа болон декан, профессорууд оролцов.

МГТИС нь үйлдвэрлэл, бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, сургалт, судалгааны орчныг хөгжүүлэх, оюутнуудад практикт суурилсан боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна.