МГТИС-ийн оюутнууд COP17-ийн Ногоон бүсэд өөрсдийн түүх, олон улсын туршлагаа хуваалцлаа

МГТИС-ийн оюутнууд COP17-ийн Ногоон бүсэд өөрсдийн түүх, олон улсын туршлагаа хуваалцлаа

2026 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль (МГТИС) нь GIZ төслийн хүрээнд COP17-ийн Ногоон бүс (Green Zone)-д оролцож, оюутнуудын олон улсын туршлага, тогтвортой хөгжлийн талаарх үзэл бодлыг олон нийттэй хуваалцлаа.

Тус арга хэмжээний үеэр МГТИС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн хөтөлбөрийг танилцуулахын зэрэгцээ сургалтын хөтөлбөр, олон улсын оюутан солилцооны боломж, оюутны амьдралын талаар мэдээлэл хүргэв.

Мөн Хүрээлэн буй орчны инженерийн хөтөлбөрийн оюутнууд өөрсдийн сурч, хөгжиж буй замнал болон олон улсын туршлагадаа тулгуурлан танилцуулга хийж, оролцогчидтой нээлттэй ярилцлаа.

 И. Цэлмэг– Хүрээлэн буй орчны инженерийн хөтөлбөрийн 3 дугаар дамжааны оюутан. Тэрээр COP17 болон Ногоон бүсийн арга хэмжээний талаарх өөрийн туршлага, оюутнуудын оролцоо, байгаль орчны асуудалд залуусын гүйцэтгэх үүргийн талаар хуваалцлаа.

 Б. Цэцэйхэн– Хүрээлэн буй орчны инженерийн хөтөлбөрийн 3 дугаар дамжааны оюутан. БНСУ-ын Jeonbuk National University-д оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцсан туршлагаа танилцуулж, гадаадад суралцах хугацаанд олж авсан мэдлэг, шинэ орчинд дасан зохицсон туршлага болон олон улсын академик орчны давуу талуудын талаар ярилцлаа.

 И. Соргударь– Хүрээлэн буй орчны инженерийн хөтөлбөрийн 4 дүгээр дамжааны оюутан. Тэрээр Герман улсын TUBAF-д суралцахаар бэлтгэж буй туршлага болон өмнө нь GIZ-ийн хүрээнд дадлага хийсэн туршлагаасаа хуваалцаж, олон улсын байгууллага, их сургуулийн орчинд суралцаж, ажиллах нь ирээдүйн ногоон мэргэжилтэн болоход хэрхэн хувь нэмэр оруулдаг талаар танилцууллаа.

 Б. Солонго– Хүрээлэн буй орчны инженерийн хөтөлбөрийн 3 дугаар дамжааны оюутан. Тэрээр Хүрээлэн буй орчны инженер мэргэжлийг сонгох хүртэлх өөрийн түүх, суралцах хүсэл тэмүүллээ хуваалцаж, оролцогчдын сонирхлыг татсан яриаг асуулт, хариултын хэлбэрээр үргэлжлүүлэн, оролцоот танилцуулга өрнүүллээ.

Оюутнуудын танилцуулгаар дамжуулан олон улсын туршлага, тогтвортой хөгжлийн практик, ногоон санаачилга, байгаль орчны хариуцлага болон ирээдүйн ногоон мэргэжилтэнд шаардлагатай ур чадваруудын талаар оролцогчдод хүргэлээ.

МГТИС нь инженерийн боловсролыг зөвхөн онолын мэдлэгээр хязгаарлахгүйгээр оюутнуудад олон улсын орчинд суралцах, туршлага солилцох, бодит асуудлыг судалгаанд тулгуурлан шийдвэрлэх боломжийг бүрдүүлж, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай инженерүүдийг бэлтгэхийг зорьдог.

Ийнхүү COP17-ийн Ногоон бүсэд МГТИС-ийн оюутнууд өөрсдийн сурч, хөгжиж буй замнал, олон улсын туршлагаа хуваалцсан нь ирээдүйн ногоон мэргэжилтнүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэсэн онцлох оролцоо боллоо.