МГТИС-ийн Ректор, профессор Б. Батцэнгэл ADINTECH 2026 олон улсын хуралд үндсэн илтгэгчээр оролцлоо.
МГТИС-ийн Ректор, профессор Б. Батцэнгэл ADINTECH 2026 олон улсын хуралд үндсэн илтгэгчээр оролцлоо.
Хиймэл оюун ухаан, машин сургалт, өгөгдлийн шинжлэх ухаан, ухаалаг систем, IoT, роботик, сэргээгдэх эрчим хүч зэрэг дэвшилтэт технологийн чиглэлээр зохион байгуулагдаж буй ADINTECH 2026 олон улсын хурал энэ өдрүүдэд Монгол Улсын Их Сургуульд болж байна.
Тус хурлын үеэр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ийн Ректор, профессор Б. Батцэнгэл “Хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг уул уурхай ба эрчим хүчний шилжилтэнд чухал ашигт малтмалын нөлөө” сэдвээр илтгэл тавилаа.
Дэлхий нийт эрчим хүч болон дижитал эдийн засагт шилжихийн хэрээр газрын ховор элемент, литий, зэс, молибден, хайлуур жонш зэрэг стратегийн чухал ашигт малтмалын эрэлт эрчимтэй нэмэгдэж байна. Ийм нөхцөлд эдгээр нөөцийн тогтвортой, найдвартай нийлүүлэлтийг хангах нь улс орнуудын стратегийн чухал зорилтын нэг болж байна.
Профессор Б. Батцэнгэлийн илтгэлд хиймэл оюун ухаан болон дижитал технологийг уул уурхайн бүхэл бүтэн үнэ цэнийн сүлжээнд нэвтрүүлэх боломжийг онцоллоо. Тухайлбал, ашигт малтмалын хайгуул, нөөцийн загварчлалаас эхлээд боловсруулалт, нийлүүлэлтийн сүлжээний оновчлол хүртэл AI-д суурилсан шийдлүүдийг ашиглан үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой.
Мөн машин сургалтын технологи нь геологийн өгөгдөлд тулгуурласан урьдчилсан загварчлал хийхийн зэрэгцээ уурхайн үйл ажиллагааны бодит цагийн хяналт, автоматжуулалт, эрсдэлийн урьдчилсан таамаглал зэрэгт шинэ боломжуудыг нээж байгааг дурдлаа.
Энэ хүрээнд МГТИС нь стратегийн чухал ашигт малтмал, нөөцийн үр ашигтай ашиглалт, дижитал шилжилт болон тогтвортой уул уурхайн чиглэлээр судалгаа, хөгжүүлэлтийн ажлуудыг хэрэгжүүлж байна. Тус судалгаанууд нь ашигт малтмал боловсруулах технологи, өгөгдлийн интеграцчилал, нөөцөөр баялаг бүс нутгуудад дэвшилтэт технологи ашиглах зэрэг салбарын тулгамдсан асуудлуудад чиглэж байна.
AI болон байгалийн нөөцийн инженерчлэлийг нэгтгэснээр байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, ил тод ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бий болгох боломжтой. Энэ нь ухаалаг уул уурхайг дэлхийн эрчим хүчний тогтвортой шилжилтийг дэмжих чухал хүчин зүйл болгон хөгжүүлэх замыг нээж байна.
ADINTECH 2026 нь 2026 оны 8 дугаар сарын 19–22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд хиймэл оюун ухаан, дижитал технологи болон инженерчлэлийн шинэ шийдлүүдийг хэлэлцэх олон улсын судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдийн чухал талбар болж байна.