МГТИС нь “UB EDU EXPO – 2026” боловсролын үзэсгэлэнд амжилттай оролцлоо

МГТИС нь “UB EDU EXPO – 2026” боловсролын үзэсгэлэнд амжилттай оролцлоо

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь 2026 оны 5 дугаар сарын 8–10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “UB EDU EXPO – 2026” боловсролын үзэсгэлэнд амжилттай оролцлоо.

Тус үзэсгэлэн нь ахлах ангийн сурагчид, эцэг эх, боловсролын байгууллагын төлөөлөлд их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөр, элсэлтийн боломж, мэргэжлийн чиглэл, суралцах орчны талаар мэдээлэл авах боломж олгодог томоохон арга хэмжээний нэг юм.

МГТИС нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны санхүүжилтээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад олон улсын түвшний инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх зорилготой үйл ажиллагаагаа явуулж байна.

“UB EDU EXPO – 2026” үзэсгэлэнд оролцох хүрээнд МГТИС-ийн төлөөлөл ахлах ангийн сурагчдад:

* Инженер, технологийн чиглэлийн бакалаврын хөтөлбөрүүд;

* Сургалтын орчин, лаборатори, оюутны амьдрал;

* Герман-Монголын хамтарсан боловсролын онцлог;

* Олон улсын стандарт бүхий инженерийн боловсрол эзэмших боломж;

* Элсэлтийн мэдээлэл, суралцах боломжууд зэрэг мэдээллийг хүргэлээ.

Үзэсгэлэнд оролцсоноор сурагчдад мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх, инженерчлэл, технологийн чиглэлээр суралцах сонирхлыг нэмэгдүүлэх, МГТИС-ийн давуу тал болон олон улсын хамтын ажиллагаанд суурилсан боловсролын онцлогийг танилцуулах зорилгыг хэрэгжүүллээ.

МГТИС нь Герман улсын боловсролын стандарт, сургалтын арга барилд тулгуурлан уул уурхай, инженерчлэл, технологийн салбарт ажиллах чадвартай, олон улсын түвшний мэргэжилтэн бэлтгэх зорилгоор сургалт, судалгааны үйл ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлж байна.

“UB EDU EXPO – 2026” үзэсгэлэн нь ирээдүйн инженер, технологийн мэргэжилтнүүдэд өөрсдийн мэргэжлийн сонголтоо тодорхойлох, олон улсын түвшний боловсролын боломжуудтай танилцах чухал боломж боллоо.