Шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье!

Та бүхэндээ айлчлан ирж буй Шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье!

Жил бүрийн он солигдох торгон мөч бидэнд өнгөрсөн туршлагаасаа суралцаж, шинэ боломжийг олж харан, амжилт өөд урагшлан тэмүүлэх эрч хүч, ухааныг хайрлаж байдаг билээ. Өнгөрсөн 2020 он бидэнд эрүүл энхийг эрхэмлэн дээдэлж, бие биенээ хайрлан халамжилж, бусдын эрх ашгийг хүндэтгэн ойлгохын үнэ цэнийг мэдрүүлсэн. 

Энэ жил дэлхий даяараа цаг үеийн онцгой нөхцөл байдалд дасан зохицож, технологийн хурдацтай хөгжилд хөл нийлүүлэн зайн сургалт, цахим уулзалт, семинарыг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж тохиосон билээ.

Ирж байгаа 2021 ондоо бид харилцан бие биенээ дэмжин тусалж, зорьсон зорилгоо биелүүлэхийн төлөө хамтын хүчээр аливаа саадыг даван туулж чадна гэдэгт гүнээ итгэж байна. “Боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчтэй зэвсэг” хэмээн аугаа Нельсон Мандела нэгэнтээ хэлсэн байдаг. Тиймээс цаг үеийн нөхцөл байдлаас үл хамааран чанартай боловсролыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хамтдаа хичээцгээе! Шинэ он бидэнд эрхэм баян эрүүл мэнд, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, аз жаргалыг авчрах болтугай.

Та бүхэн баярын ширээгээ халуун ам бүлээрээ тойрон сууж, шинэ оноо баяр жаргалаар дүүрэн угтаарай. 
 
             Хүндэтгэсэн, 
             ЗАХИРАЛ ПРОФ. Б.БАТЦЭНГЭЛ