Багш нарын VII бага хурал зайн сургалт, дэвшилтэт технологийн шийдлийг онцоллоо

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль Багш нарын эрдэм шинжилгээний долдугаар бага хурлаа Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд амжилттай зохион байгууллаа. 

Төвийн бүсийн Ерөнхий боловсролын сургуулийн багш нар, технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн багш судлаачдыг хамруулсан тус бага хуралд байгалийн ухаан, англи хэлний зайн сургалтад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, сургалтын шинэ дэвшилтэт арга зүйн талаар хэлэлцсэн юм. Ялангуяа COVID-19 цар тахал гарч, бүх түвшний боловсролын байгууллагууд зайн сургалтад шилжих шаардлага тулгарснаар сургалтын арга барил хэрхэн өөрчлөгдөж, тэрхүү нөхцөл байдалд тохируулан ямар арга хэмжээ авч ажилласан талаараа багш нар харилцан мэдээлэл солилцож, туршлагаа хуваалцсан юм. 



Бага хурлыг зохион байгуулахад Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёл урлагийн газар дэмжигч байгууллагаар, тус аймгийн Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль хамтран зохион байгуулагчаар ажиллалаа. Түүнчлэн Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган аймгийн Ерөнхий боловсролын сургуулиуд, мөн Улаанбаатар хотоос ШУТИС, МУИС, Орчлон, Эрхэт эрдэм, Хобби, Жаргалан, Тэрэлж Боардинг зэрэг сургуулиас 100 гаруй багш, судлаач оролцож, хурлын сэдвийн дагуу илтгэл танилцуулсан юм. Түүнчлэн Математик, Физик, Хими болон Англи хэлний хичээлийн багш нар салбар хуралдаанаараа мэргэжлийн чиглэлийн дагуу хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хурлын үеэр МГТИС-ийн Сургалт хариуцсан дэд захирал Проф. Др. Алтангэрэл “Энэ жилийн хувьд COVID-19 цар тахлын улмаас бид технологийн шийдэл, зайн сургалтыг зайлшгүй онцолж байна. Энэ нь багш нарын хувьд гэнэтийн бэрхшээл байсан ч, нөгөө талаасаа шинэ сорилтыг давах боломж байсан. Тиймээс энэ удаагийн хуралд багш нар боломжийг ямар байдлаар ашигласан тухай туршлагаа солилцлоо. Үр дүнд нь зайн сургалтын арга зүйг улам сайжруулах боломжтой болно” хэмээн онцолсон юм.