Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!

Эрхэм оюутан залуус, багш, ажилтан Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.

Цаг үеийн энэхүү онцгой нөхцөл байдалд сургалт, судалгааны үйл ажиллагаагаа үргэжлүүлэх шинэ сорилт бүхий хичээлийн жил өнөөдөр эхэлж байна. Бидний авч хэрэгжүүлэх бүхий л үйл ажиллагаа, шийдвэр Та бүхний эрүүл, аюулгүй сурч, хөгжих орчныг бүрдүүлэхэд чиглэсэн, Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжих болно. Алунгоо эхийн сургасанчлан аливаа бэрхшээлийг даван туулахад хүн бүр хичээн зүтгэж хувь нэмрээ оруулбал бид Хамтдаа хүчтэй байж чадна. Хэдийгээр нөхцөл байдал амаргүй байгаа ч бид Германы инженерийн чанартай боловсролыг Монголдоо нутагшуулж, бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн судалгаанд суурилсан их сургууль болох эрхэм зорилгоо биелүүлэхээр зорин ажиллаж байна.

Энэ хичээлийн жилд хөгжил цэцэглэлтийн олон онцлог үйл явдал тохиож байна. Тухайлбал бакалавр, магистрын шинэ хөтөлбөрүүд хэрэгжиж, оюутан болон төгсөгчдийн тоо нэмэгдэж, МГТИС-ийн хотхоны өргөтгөлийн бүтээн байгуулалт амжилттай явагдаж байна. МГТИС-д элсэн суралцаж байгаа оюутан залуус Та бүхэн бидний Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлтэй нэгдэн, МГТИС-ийн хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэлтэй байна. МГТИС-д суралцах жилүүд харвасан сум мэт өнгөрөх байх. Та бүхний сурах амаргүй их хөдөлмөрт манай багш, ажилтнууд байнга тусалж дэмжих болно. Хамтдаа сурч, хөдөлмөрлөх нь цар тахлыг гэтлэн туулах, олон шинэ сорилтуудыг сөрөн давж, өсч хөгжих, цаашлаад инженерийн мэргэжлээрээ манлайлахын үндэс суурь болно.

МГТИС-ийн хамт олон болон Герман түншүүддээ ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсье.
 
          Хүндэтгэсэн,
          ЗАХИРАЛ Б.БАТЦЭНГЭЛ