МГТИС Элсэлтийн үйл ажиллагаандаа Дармштадтын их сургуулийн шинэлэг туршлагыг нэвтрүүллээ

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Элсэлтийн комисс 2020-2021 оны элсэлтийн үйл ажиллагаандаа ХБНГУ-ын Дармштатын Техникийн Их сургуулийн туршлагыг амжилттай нэвтрүүллээ.
Цар тахлын хөл хорионы улмаас дэлхий даяараа боловсролын бүх шатны байгууллагууд зайн сургалтыг явуулж, технологийн шинэлэг шийдлүүдийг яаралтай ашиглах шаардлага тулгарсан. Үүнтэй холбоотойгоор МГТИС нь жил бүр зохион байгуулдаг элсэлтийн англи хэлний уламжлалт шалгалтаа цуцалж, Математик, Физик, Англи хэлний ЭЕШ-ын 600 оноогоор босго тавьж, элсэлтийн бүртгэлээ цахимаар явууллаа. Ингэхдээ уг гурван хичээлийн ЭЕШ-ын аль нэг оноо дутсан буюу 550-с дээш байгаа тохиолдолд элсэгчдэд боломж олгох зорилгоор элсэлтийн цахим ярилцлагыг зохион байгуулсан юм.
 

     
Цахим ярилцлагыг зохион байгуулахад МГТИС-ийн түнш Дармштадын Техникийн Их сургуулийн мэргэжилтнүүдээс сургалт авч, тус их сургуулийн Элсэлтийн цахим ярилцлага зохион байгуулах туршлагыг Монгол хүүхдүүдийн онцлогт тохируулан богино хугацаанд нэвтрүүлж, ярилцлага авах зааварчилгаа, асуулт тавих арга барил, үнэлгээ өгөх аргачлал зэрэг дүрэм журамд тусгагдсан бүхий л үе шатлалыг зохих стандартын дагуу гүйцэтгэлээ.
МГТИС-ийн Элсэлтийн комисс уг цахим ярилцлагыг элсэлтийн үйл ажиллагаанд нэг удаа ашиглаад зогсохгүй, одоогийн гарсан үр дүнд тулгуурлан цаашид улам сайжруулан тогтмол зохион байгуулах талаар судлан ажиллаж байна.