МГТИС-ийн Бакалаврын бүх хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдлээ
Европын дээд боловсролын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын ACQUIN (Герман) байгууллагын төлөөллүүд тус их сургуульд ажиллаж, өнгөрөгч дөрөвдүгээр сард албан ёсоор хариу өгсөн юм. 2024 оны есдүгээр сарын 30 хүртэлх хугацаанд ийнхүү магадлан итгэмжлэгдсэнээр, тус их сургуулийн Уул уурхайн боловсруулалтын инженер, Хүрээлэн буй орчны инженер, Механик инженер, Эдийн засагч инженер гэсэн бакалаврын дөрвөн хөтөлбөр олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байна. Ингэснээр МГТИС нь олон улсын хөтөлбөртэй сургуульд зүй ёсоор тооцогдож, оюутан болон төгсөгчид нь гадны улс орнуудад дадлага хийх, үргэлжлүүлэн сурах, томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд дэлхийн түвшний инженерүүдтэй мөр зэрэгцэн ажиллах боломж нээлттэй болж байгаа юм.