Невадагийн Их Сургууль, Рено (UNR)-ийн төлөөлөгчид МГТИС-д зочилж, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцлээ

Невадагийн Их Сургууль, Рено (UNR)-ийн төлөөлөгчид МГТИС-д зочилж, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцлээ

2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр АНУ-ын Невадагийн Их Сургууль, Рено (University of Nevada, Reno – UNR)-ийн төлөөлөгчид Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-д зочилж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны боломжуудын талаар албан бус танилцах уулзалт хийлээ.

Уулзалтад МГТИС-ийг Ректор, профессор Б.Батцэнгэл, Сургалт эрхэлсэн дэд ректор, профессор Ч. Энхзаяа нар төлөөлөн оролцож, сургуулийн үйл ажиллагаа, боловсрол, судалгаа шинжилгээ, олон улсын хамтын ажиллагааны чиглэлүүдийг танилцуулав.

UNR-ийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус сургуулийн Ерөнхийлөгч бөгөөд Невада мужийн 17 дахь захирагч асан Брайн Сандовал, Засгийн газрын харилцаа, олон нийтийн оролцооны асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Майкл Флорес, Дэлхийн тогтвортой хөгжлийн Тахо хүрээлэнгийн захирал доктор Судип Чандра, Олон улсын харилцаа, бизнесийн хөтөлбөрүүдийг хариуцсан доктор Мехмет Тосун, Маккей Шинжлэх ухаан, инженерийн сургуулийн дэд захирал доктор Скотт Бассет, Невада мужийн Загас агнуурын хөтөлбөрийн захирал Крис Крукшэнкс нар багтав.

Уулзалтын үеэр талууд уул уурхай, тогтвортой хөгжил, инновац, бизнес эрхлэлт, оюутан болон багш, судлаачдын солилцоо, богино хугацааны сургалт, дадлага, хамтарсан судалгаа, үйлдвэрлэл-их сургууль-засгийн газрын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцов.

Түүнчлэн уул уурхайн салбар дахь жижиг, дунд бизнесүүдтэй хамтран ажиллах, хэрэглээний судалгаа, гарааны бизнес, инновацын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийг онцлон хэлэлцсэн бөгөөд энэ нь хоёр байгууллагын ирээдүйн хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлоход чухал ач холбогдолтой байлаа.

UNR-ийн төлөөлөгчдийн нэг доктор Судип Чандра нь Монгол Улстай олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд Монголд 100 гаруй удаа ажиллаж байсан туршлагатай юм. Түүний олон улсын хамтын ажиллагаа, оюутан солилцооны чиглэл дэх туршлага нь МГТИС болон UNR-ийн хооронд бодит, үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Энэхүү уулзалт нь МГТИС болон Невадагийн Их Сургууль, Рено хооронд уул уурхай, тогтвортой хөгжил, оюутан, багш солилцоо, инновац, энтрепренершип болон хамтарсан төслүүдийн чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлэх чухал алхам боллоо.