Өндөр нарийвчлалтай эрдсийн шинжилгээг эх орондоо хийх боломж бүрдлээ: Эрдсийн шинжилгээний лабораторийн албан ёсны нээлт 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр боллоо.
Өндөр нарийвчлалтай эрдсийн шинжилгээг эх орондоо хийх боломж бүрдлээ: Эрдсийн шинжилгээний лабораторийн албан ёсны нээлт 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр боллоо.
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ийн Эрдсийн шинжилгээний лаборатори “Оюу толгой” ХХК-ийн 276 сая төгрөгийн санхүүжилтээр эрдсийг өндөр нарийвчлалтай шинжлэх зориулалт бүхий SEM (Scanning Electron Microscope) төхөөрөмжтэй боллоо. Энэхүү хөрөнгө оруулалт нь Монгол Улсад эрдсийн өндөр нарийвчлалтай шинжилгээг дотооддоо хийх боломжийг бүрдүүлж, уул уурхайн салбарын судалгаа, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Хүдэрт агуулагдах эрдсийн хэмжээг өндөр нарийвчлалтай тодорхойлох нь баяжуулах үйлдвэрийн бөмбөлөгт тээрмийн нунтаглалтын горимыг оновчтой тохируулах, улмаар металл авалт болон үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Иймээс энэхүү төхөөрөмж нь зэсийн баяжмалын үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг дээшлүүлэх стратегийн ач холбогдолтой тоног төхөөрөмж юм.
Төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц Герман, Монголын боловсролын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Боловсролын яамны дэмжлэгтэйгээр МГТИС-ийн судалгааны чадавхыг бэхжүүлэх чиглэлд тууштай ажиллаж ирснийг онцлон тэмдэглэж, энэхүү үйл ажиллагаанд хувийн хэвшил манлайлан оролцож байгаад талархал илэрхийллээ.
Мөн МГТИС-ийн захирал Б.Батцэнгэл “Оюу толгой” компанийн зүгээс сургуулийн үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын боловсролд урт хугацааны, бодит хөрөнгө оруулалт хийж ирсэнд талархал илэрхийлэв.
Өмнө нь “Оюу толгой” компани энэхүү төрлийн эрдсийн шинжилгээг хийхийн тулд Австрали Улсын Бундора (Bundoora) Судалгаа, хөгжүүлэлтийн төв рүү дээжээ илгээж, шинжилгээний хариуг 4–5 сарын дараа хүлээн авдаг байсан. Харин энэхүү дэвшилтэт технологийг Монгол Улсад нэвтрүүлснээр шинжилгээг 14 хоногийн дотор хийх боломж бүрдэж, хугацааг эрс богиносгохын зэрэгцээ тээвэрлэлт, гаалийн холбогдох зардлыг бууруулах давуу талтай болж байна.
Тус SEM төхөөрөмжийг Австралийн Бундора Судалгаа, хөгжүүлэлтийн төвд ашиглаж байсан бөгөөд 2025 онд “Оюу толгой” компани Монгол Улсад авчирсан юм. Үүнээс гадна Рио Тинто компанийн мэргэжилтнүүд МГТИС-ийн Эрдсийн шинжилгээний лабораторийн ажилтнуудад төхөөрөмжийн ашиглалт, шинжилгээний аргачлалын сургалт зохион байгуулж, технологийг Монгол Улсад нутагшуулах, хүний нөөцийг чадавхжуулахад бодит хувь нэмэр орууллаа.
“Оюу толгой” компани 2013 онд МГТИС-ийн хичээлийн болон оюутны дотуур байрны барилгын ажлыг 11.7 тэрбум төгрөг (9.5 сая ам.доллар)-өөр санхүүжүүлэн хүлээлгэн өгснөөс хойш тус сургуультай хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж ирсэн. Энэ хугацаанд сургалтын хэрэглэгдэхүүн, оюутны тэтгэлэг, үйлдвэрлэлийн дадлага, мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх хөтөлбөрүүд зэрэг олон чиглэлээр тогтвортой хөрөнгө оруулалт хийсээр байна.
Өнөөдрийн байдлаар МГТИС-ийн төгсөгчдийн гуравны нэг орчим нь “Оюу толгой” компани болон түүний туслан гүйцэтгэгч байгууллагуудад ажиллаж байгаа бөгөөд 2021–2026 оны хооронд нийт 52 оюутан “Оюу толгой” компанийн боловсролын хөтөлбөрүүдэд хамрагджээ. Харин 2013 оноос хойш МГТИС-д оруулсан нийт хөрөнгө оруулалт ойролцоогоор 15.7 тэрбум төгрөгт хүрсэн нь инженерийн боловсрол, судалгаа, инновацыг дэмжих урт хугацааны хамтын ажиллагааны тод илэрхийлэл болж байна.
Энэхүү SEM төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар МГТИС нь эрдсийн өндөр нарийвчлалтай шинжилгээ, судалгааг олон улсын түвшинд дотооддоо хийх боломжтой болж, уул уурхайн салбарын судалгаа, инновац, хүний нөөцийн хөгжлийг шинэ шатанд гаргах чухал алхам хийлээ.