Олборлолтоос боловсруулалт руу: Ирээдүйн үйлдвэрлэлийн хүний нөөцийг хамтран бэлтгэнэ
Олборлолтоос боловсруулалт руу: Ирээдүйн үйлдвэрлэлийн хүний нөөцийг хамтран бэлтгэнэ
Монгол Улсад хэрэгжих томоохон аж үйлдвэрийн төслүүдийн хүний нөөцийн хэрэгцээг хангах, инженер, технологийн боловсролыг үйлдвэрлэлийн бодит шаардлагатай уялдуулах зорилгоор Монгол Улсын Их Сургууль (МУИС), Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС), Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр, гангийн үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр, нүүрс пиролизын үйлдвэр, аж үйлдвэрийн паркууд зэрэг стратегийн томоохон төслүүд хэрэгжиж эхэлж буй энэ үед үйлдвэрлэлийн салбарт ажиллах өндөр ур чадвартай инженер, мэргэжилтнийг эх орондоо бэлтгэх нь нэн чухал асуудал болж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:
* Судалгаанд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
* Бодит инженерчлэлийн сургалт, практикийг бэхжүүлэх;
* Олон улсын стандартад нийцсэн инженерийн боловсролыг дэмжих;
* Ирээдүйн үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтэн бэлтгэх тогтолцоог хамтран хөгжүүлэх.
Энэхүү хамтын ажиллагаа нь уул уурхайгаас нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл рүү шилжих хөгжлийн бодлогыг дэмжихийн зэрэгцээ Монгол Улсад хэрэгжих томоохон аж үйлдвэрийн төслүүдэд ажиллах чадварлаг инженер, техникийн мэргэжилтнийг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулах юм.