ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Зүүн Ази, Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүсийг хариуцсан захирал, Элчин сайд Др. Йоахим Бертеле МГТИС-д айлчиллаа

ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Зүүн Ази, Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүсийг хариуцсан захирал, Элчин сайд Др. Йоахим Бертеле МГТИС-д айлчиллаа

2026 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн яамны Зүүн Ази, Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүсийг хариуцсан захирал, Элчин сайд Др. Йоахим Бертеле Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-д айлчилж, сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчин болон кампустай танилцлаа.

Айлчлалын бүрэлдэхүүнд Берлин дэх Монгол/Японы асуудал хариуцсан мэргэжилтэн Селин Рид, Германы Засгийн газрын зөвлөх, Герман хэлийг гадаад хэл болгон заах асуудал болон хилийн чанад дахь Германы сургуулиудыг хариуцсан мэргэжилтэн Сияна Димитрова, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Хана Бекер, мөн Элчин сайдын яамны Эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Удо Вебер нар оролцов.

Зочдыг МГТИС-ийн удирдлага хүлээн авч уулзан, сургуулийн хөгжлийн бодлого, Герман, Монголын боловсролын хамтын ажиллагаа, инженер, технологийн чиглэлийн сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Уулзалтын дараа төлөөлөгчид МГТИС-ийн кампусаар аялж, сургалтын танхим, лаборатори, судалгааны орчин болон оюутны дотуур байр, сургалтын орчинтой танилцав.

Энэхүү айлчлал нь Монгол, Германы боловсролын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, инженер, технологийн боловсролын хөгжилд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.