“Эрдэнэс үйлдвэрлэл, технологийн парк” ХХК-тай хамтын ажиллагааны санал солилцов

Эрдэнэс Монгол Нэгдлийн “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн мэргэжилтнүүдийн баг Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хотхонд хүрэлцэн ирж, удирдлага болон багш нарын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар ашигт малтмал, технологийн салбар дахь инженер мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мөн шинжлэх ухаан, инновацид түшиглэсэн үйлдвэрлэл, технологийг хөгжүүлэхэд багш судлаачдын оролцоог нэмэгдүүлэх зэрэг хоёр талын хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа.

Тус компани нь эрдэс баялгаас нэмүү өртөг, технологи шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ  нөөцийг зүй зохистой ашиглан, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд эерэг нөлөөлөл бүхий бизнесийн тогтвортой эргэлтийг бий болгохоор зорьж байгаа нь салбарын гол мэргэжилтнүүдийг бэлтгэж буй МГТИС-тай хамтын ажиллагааны хувьд уялдаж байгааг талууд онцолж байв.