​Анхны “GMIT Hackathon 2024” амжилттай болж өндөрлөлөө

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн инженерчлэл хөтөлбөрийн оюутнууд Төслийн менежмент хичээлийнхээ хүрээнд тус сургуулийн анхны “GMIT Hackathon” тэмцээнийг санаачлан 2024 оны 3-р сарын 2, 3-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тэмцээнийг зохион байгуулахад Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны (АМЕП) хөтөлбөр ивээн тэтгэж, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн зүгээс дэмжлэг үзүүлсэн юм. Арга хэмжээг нээн МГТИС-ийн Сургалт, судалгаа хариуцсан дэд захирал Проф. Л.Алтангэрэл, “GIZ-GMIT” төслийн удирдагч Сибастиан Бургоф, “AMEП” хөтөлбөрийн багийн ахлагч Рена Гүендүез нар мэндчилгээ дэвшүүлэн, оролцогч багуудад амжилт хүсэж, мөн гарын бэлэг гардуулсан юм.

Энэ удаагийн Хакатонд Монгол Улсын их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль болон Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн нийт 9 багийн 45 оюутан хоёр өдрийн турш МГТИС-ийн хотхонд байрлан, уул уурхайн салбарын өгөгдсөн зарим асуудлыг хамтдаа шийдвэрлэхээр оюун ухаан, авхаалж самбаагаа сорилоо.

Багууд бүтээлч байдал, технологийн мэдлэг, инновацын ур чадвараараа ийнхүү өрсөлдөн “Уул уурхайн технологи, байгаль орчин, орон нутгийн хөгжил зэрэг асуудал нь тогтвортой хөгжлийн сэдэвтэй хэрхэн огтлолцдог вэ?” гэсэн асуудалд тус тусын шийдлийг гарган танилцуулснаас МГТИС-ийн “Geldgraber” баг нэгдүгээр байр, “Daylight” баг хоёрдугаар байр, МУИС-ийн “GDSC-NUM” баг гуравдугаар байрыг эзэллээ.

Тэмцээний шүүгчээр “AMEП” хөтөлбөрийн багийн ахлагч Рена Гүендүез, “Asian Battery Minerals” компанийн гүйцэтгэх захирал З.Сундуй, “Эрдэнэ Монгол” компанийн зөвлөх Д.Энхболд нар шүүгчээр ажиллан, шилдэг гурван багийг тодрууллаа.

МГТИС-ийн анхны “GMIT Hackathon” тэмцээнийг зохион байгуулахад ивээн тэтгэсэн “АМЕП” хөтөлбөр болон дэмжин ажилласан шүүгч нартаа талархал илэрхийлье!