МГТИС болон Донгсёо их сургууль солилцооны хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлнэ

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль болон БНСУ-ын Донгсёо их сургууль (DSU) нь эрдэм шинжилгээний түншлэлийн хэмжээнд хамтран ажиллахаар 2023 оны 6-р сарын 28-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд хоёр их сургууль эрдэм шинжилгээний болон захиргааны ажилтан, оюутан солилцоо, мөн хамтарсан судалгааны төсөл, тэтгэлэг, эрдэм шинжилгээний хурал, богино сургалт зохион байгуулах зэргээр олон салбар чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.

DSU нь 1992 онд БНСУ-д байгуулагдсан бөгөөд өдгөө 800 гаруй багш ажилтантай, 70 гаруй үндэстний 11,000 гаруй өдрийн ангийн оюутан, 1000 гаруй гадаад оюутнуудад бакалаврын 8, магистрын 17 хөтөлбөрөөр англи хэл дээр сургалт явуулж буй их сургууль юм. Түүнчлэн төгсөгчид болон ажил олгогчдын хоорондох ажлын байрны зуучлалаар улсын хэмжээнд 7-р байранд ордог ажээ.

МГТИС болон DSU-ийн солилцооны хөтөлбөрүүд нь 2023-2024 оны хичээлийн жилд хэрэгжиж эхлэхээр тусгагдсан байна.