ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламент дахь Төрийн нарийн бичгийн дарга Нийлс Аннен МГТИС-д айлчиллаа

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламент дахь Төрийн нарийн бичгийн дарга Нийлс Аннен болон Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан нар Налайх дахь Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) хотхонд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тэднийг дагалдаж ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Германы Сэргээн босголт, зээлийн банкны (KfW) зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

МГТИС нь Монголын ашигт малтмалын салбар дахь өндөр мэргэшсэн инженерүүдийн эрэлт хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Герман дахь түнш их, дээд сургуулиудтай нягт хамтран ажилласнаар олон улсын шинжлэх ухааны туршлага, орчин үеийн академик стандартыг Монголд нэвтрүүлж байгаа билээ. Үүний зэрэгцээ, дадлагад чиглэсэн инженерийн сургалтаараа дамжуулан тус их сургууль нь боловсролын салбар болон эдийн засгийг хооронд нь илүү холбох нөхцөлийг бүрдүүлдэг. Түүнчлэн зохион байгуулалтынхаа хувьд МГТИС нь Монголын их дээд сургуулийн тогтолцоонд үлгэр жишээ байж, удирдлага, институцийн бүтцээ орчин үеийн их сургуулийн менежментийн зарчимд нийцүүлэн, байгууллагын бие даасан байдлыг ханган ажилладаг.

Уулзалтын үеэр МГТИС-ийн захирал Проф. Б.Батцэнгэл, хоёр улсын хамтарсан их сургуулийн өнгөрсөн болон өнөөгийн ололт амжилтын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Тэрээр их сургуулийн хотхоныг өргөтгөх үйл явцыг цаг тухайд нь дуусгаж буй нь онцгой ач холбогдолтой болохыг дурдлаа. МГТИС нь ийнхүү Монголын анхны хотхон бүхий их сургууль байх бөгөөд оюутнууддаа амжилттай суралцах нөхцөлийг бүрдүүлэх болно. Одоогийн байдлаар тус их сургуулийн бараг бүх төгсөгчид нарийн мэргэжлийн ажил эрхэлж, эсхүл магистрын сургалтдаа үргэлжлүүлэн суралцаж байна.

Айлчлалын төгсгөлд Сайд Л. Энх Амгалан, Парламент дахь Төрийн нарийн бичгийн дарга Нийлс Аннен нар Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр баригдаад буй МГТИС-ийн оюутны шинэ дотуур байрыг нээх ёслолд оролцлоо. Тус хоёр дахь дотуур байр нь нийт 10,149 м.кв талбай бүхий 5 давхар барилга бөгөөд багадаа 363 ортой стандарт хоёр хүний ​​өрөөнүүд, нэг өрөө бүхий 11 байр, гарааш, лифт хийгээд оюутны хотхоны үйл ажиллагаанд зориулж тохижуулсан гадна талбай зэргийг хослуулсан байна.