Эрчим хүчний хэмнэлттэй барилгын “CEBEC” төслийн баг Шведийн Лундын их сургуульд уулзлаа

Европын холбооны санхүүжилтээр Дээд боловсролын салбарын чадавхыг сайжруулах зорилтын хүрээнд хэрэгжиж буй “Цаг уурын эрс тэс уур амьсгалтай нөхцөл дэх эрчим хүчний хэмнэлттэй барилга, байгууламж (CEBEC)” төслийн уулзалт семинар 2022 оны 8-р сарын 15-аас 18-ны хооронд Шведийн Лундын их сургуульд амжилттай зохион байгуулагдлаа.
 
Энэхүү төслийг Монголын талаас Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС), Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС), Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС), Европын холбооноос Швед улсын Лундын их сургууль, Эстонийн Таллины техникийн их сургуулиуд хамтран хэрэгжүүлж байна.
 
Төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй барилгатай холбоотой Монголын оролцогч их сургуулиудын сургалтын хөтөлбөрт тусгах хичээлүүдийн хөтөлбөрийг боловсруулах, шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмж, программ, ном сурах бичгийг авах, хөтөлбөр боловсруулахтай холбоотойгоор Лунд болон Таллины техникийн их сургуулиудын туршлагаас суралцахаар төлөвлөн ажиллаж байна.
 
2020 оны 2-р сараас хэрэгжиж эхэлсэн боловч КОВИД 19-ийн улмаас анх удаа танхимаар зохион байгуулсан 14 дэх удаагийн уулзалтын үеэр төслийн хүрээнд гүйцэтгэсэн ажлыг багцлан үйл ажиллагаа, үр дүнгийн талаар оролцогч их сургуулиуд танилцуулан, хэлэлцлээ. Мөн энэ үеэр цаашид хэрэгжүүлэх ажлыг ярилцан төлөвлөснөөс гадна эрчим хүчний хэмнэлттэй барилгын сургалт, судалгааны лабориторийг үзсэнээс гадна Шведийн Малмо хотод зочилж, дээврийн ногоон байгууламж болон хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэдэг SYSAV компанийн үйл ажилагаатай танилцлаа. Мөн энэ айлчлалын үеэр Копенхаген хотод Дани улсын өргөмжит консул болон Дани, Монголын нийгэмлэгийн гишүүдтэй уулзаж, харилцан мэдээлэл солилцлоо.
 
“Цаг уурын эрс тэс уур амьсгалтай нөхцөл дэх эрчим хүчний хэмнэлттэй барилга, байгууламж (CEBEC)” төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.