
Нээлттэй тендер шалгаруулалтад урьж байна
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь эрх бүхий тендерт оролцогчдоос ДОТУУР БАЙРНЫ ГАДНА ФАСАДНЫ ЗАСВАР-ын ажлыг гүйцэтгэх… Дэлгэрэнгүй
"Оюу толгой" ХХК-д дадлага хийсэн маань миний хувьд их том туршлага болсон, Байгаль орчны хэлтэст 5 сар гаруй хугацаанд ажилласнаар өдөр тутмын мониторинг нөхөн сэргээлтийн гэх мэт ажлуудад оролцон, мэдлэг чадвар хуримтлуулахаас гадна Монголын урдаа барих хамгийн том уурхайн үйл ажиллагааны нэгэн хэсэг болж, хамт олны дунд биеэ авч явж сурах зэргээр олон талаар өөрийгөө хөгжүүлэх боломж олдсонд маш их талархаж явдаг.
Манай сургуулийн оюутнуудад клубийн үйл ажиллагаанд оролцож, зохион байгуулах боломж бий. Клубт хамрагдах нь мэдлэгээ тэлэх, сонирхлоо хөгжүүлэх, бусад оюутнуудтай танилцах гээд ач тустай тал олонтой. Нэгдүгээр курсээсээ хойш кино болон амьд хөгжмийн клубийн хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна. Анх эхэлснээс хойш маш их ахиц гаргасан. Энэ хугацаанд манай Оюутны зөвлөл болон сургуулийн зүгээс их дэмжлэг үзүүлдэг. МГТИС-д өөрийн гэсэн санаачилгатай хэн бүхнийг үргэлж дэмжиж байдаг.
МГТИС-ийн Герман улстай танилцах 14 хоногийн дадлага нь 1-р семестрийн сурлага, нийгмийн идэвхийг харгалзан үзэж шалгаруулдаг. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь оюутнуудыг Герман улсын уул уурхайн техник технологийн хөгжилтэй танилцахад оршино. Хэдий урт хугацаа биш ч миний хувьд Герман улсын түүх соёл, үйлдвэрлэл, уул уурхай, инженерчлэлийн талаар зохих хэмжээний мэдээлэл олж авсандаа баяртай байна.
Би Герман улсын Фрайбергийн их сургуульд солилцооны хөтөлбөрөөр сурсан сэтгэгдлээ хуваалцмаар байна. Оюутан хүний хувьд Германы их сургууль өөрийгөө хөгжүүлэх өргөн боломжоор хангаж өгдөг нь маш их таалагдсан. Оюутны клубууд, хичээлээс гадуурх сургалтууд болон лабораториуд нь үнэрээр гайхалтай байсан. Мөн дэвшилтэт технологи болон инженерүүдийн чадвар нь Герман улсыг ирээдүйн инженерүүдийг бэлдэхэд хамгийн тохиромжтой улсуудын нэг болгодог гэж бодож байна.
МГТИС-ийн сургуулийн үйл ажиллагааг зохион байгуулах нь оюутнуудын манлайлах чадварыг хөгжүүлэх зорилготой. Үүнд сургуульд найрсаг уур амьсгалыг бүрдүүлэхээр өдөрлөг болон халамжийн төслүүдийг санаачлан оролцох ажил ч багтана. Оюутны зөвлөл нь оюутны ашиг сонирхлыг сургууль захиргаа, ажилтнууд, эцэг эхчүүдэд сурталчлах үүрэгтэй, өөрөөр хэлбэл бүхий л ач холбогдолтой асуудлын талаар оюутнуудтай зөвлөлдөхөд оршино.
Манай сургуулийн эрхэм зорилго бол Герман стандартын дагуу чадварлаг инженерийг бэлтгэх явдал билээ. Тиймээс, мэргэжлийн олон улсын болон үндэсний чадварлаг Доктор, Профессорууд бидэнд сонирхолтой байдлаар лекц, семинараа ордог. Бидний мэдлэгт тус болох хими, физик, боловсруулалтын лабораториуд болон номын сан ч бий.Урам зоригоор дүүрэн хүмүүстэй нэгэн дээвэр дор амьдарч, бас суралцаж байгаадаа би туйлын их баяртай байдаг.
Манай сургуулийн оюутнуудын 20 орчим хувь нь өнгөрсөн жил DAAD-ын тэтгэлэг авсан. Энэ жил би тэтгэлэг авснаар гэр бүлийхэндээ сургалтын төлбөр болон хэрэглээний зардал гэх мэт асуудлаар санааг нь зовоохгүйгээр суралцаж байна. Хичээлээ сайн хийж, сургууль болон олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог МГТИС-ийн оюутан бүрт боломж нээлттэй байдаг.
Манай сургуулийн ихэнх профессорууд Германд сурч, ажиллаж байсан, өөрийн салбартаа мэргэшсэн хүмүүс. МГТИС бидэнд эдгээр чадварлаг профессоруудаас ихийг суралцах боломжийг бүрдүүлж өгдөг. Тэдний заах арга барил, харах өнцөг харьцангуй өөр. Жишээ нь, тэд аливаа зүйлийг өөрөөр тайлбарлаж өгдөг ба чиний өмнө сонсож байгаагүй үг хэллэг хэрэглэх нь олонтаа. Энэ мэтийн соёлын ялгаанаас суралцах зүйл их бөгөөд хожим нь чамд гадаадад гүнзгийрүүлэн суралцах, эсвэл гадаад хүмүүстэй хамтран ажиллах тохиолдолд ихээхэн хэрэг болно