Мэдээ

TEDxGMIT ба сэтгэлгээг тэлэх шилдэг илтгэлүүдтэй нэгэн өдөр

МГТИС-ийн хотхон (Налайх дүүрэг), 2019.03.17 Чөлөөт сэтгэлгээг дэмжиж, шинийг санаачлагчдын туршлага, сэтгэгдлийг хүргэж байдаг TEDx арга хэмжээг Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн оюутнууд амжилттай зохион байгууллаа.

     Олон улсад хэдийнээ танигдсан уг үйл ажиллагааг хийх албан ёсны эрхийг Эдийн засагч инженерийн 3-р курсийн оюутнууд авснаар TEDxGMIT “Mosaic”-ийг сайн дурын 13 оюутны хамт МГТИС-ийн хотхондоо хийсэн юм.

     Тэд энэ удаад технологи, антропологи, урлаг, утга зохиол, хүрээлэн буй орчны сэдвийг хөнджээ. Сэдвийн дагуу, сэтгэлгээний шинэлэг арга барилыг эрхэмлэгч 9 илтгэгчийг урьж, 9 өөр ертөнцийг нэгэн дор үзэгчиддээ хүргэсэн нь нэг өдрийн уг арга хэмжээг улам баялаг, өвөрмөц болгосон байна. Олон өнгөт чулууг нэгтгэдэг урлагийн бүтээлээс сэдэвлэн өгсөн “Mosaic” нэрийг ч тэд олон шинэлэг санааг нэгтгэн хүргэдэг уг арга хэмжээний утга агуулгад нийцүүлэн өгсөн аж.

     Энэ өдөр Д.Бум-Очирын “Мэдлэгийн колончлол”, Э.Эрдэнэжамъяны “Залуучуудын хөгжилд нийгэм хэрхэн нөлөөлж байгаа вэ?”, Л.Лхагвасүрэнгийн "Өрх гэр", М.Халиунбатын “Экспоненциал эринд бэлэн үү?”, А.Энхгэрэлийн "Энгийн өөрчлөлт өрхийн эдийн засагт", А.Очгэрэлийн "Био-амьдрал гэж юу вэ?", Б.Наминчимэдийн "Хувь хүний хөгжил ба уран сайхны сэтгэлгээ", Г.Хонгорын "Урлагийн боловсрол хувь хүний хөгжилд нөлөөлөх нь" зэрэг илтгэл үзэгч оролцогчдын сонорыг мялаалаа.

     Мөн зохион байгуулагчдын зүгээс эко цаас, цүнх, бал, аяга ашиглах замаар уг арга хэмжээг хог хаягдал огт гаргахгүйгээр хийхийг эрхэмлэжээ.