Мэдээ

ХБНГУ-ын Заарланд мужийн засаг захиргаа, бизнес эрхлэгчдийн төлөөлөл МГТИС-д айлчиллаа

МГТИС-ийн хотхон (Налайх дүүрэг), 2019.03.09 Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийг нэгэнтээ байгуулагдаад удаагүй байхад буюу 2014 онд эрдэс чулууны үнэт цуглуулгыг бэлэглэн, хүндэтгэл үзүүлж байсан нэгэн хүндэт хүндэт зочин өөрийн биеэр тус сургуулийн хотхонд зочиллоо.

     ХБНГУ-ын Заарланд мужийн Хүрээлэн буй орчны сайд Райнхолд Йост,  Профессор Матиас Бауэр нар Монгол Улс дахь ЭСЯ болон аж үйлдвэр, бизнес эрхлэгчдийн төлөөллийн хамт энэ сарын есний өдөр албан ёсны айлчлал хийж, МГТИС-ийн удирдлага, профессор багш, оюутнууд хүлээн авч уулзлаа.

     Уулзалтын эхэнд захирал Н.Дорждэрэм тус их сургуулийн хэтийн зорилго, хийж хэрэгжүүлэхээр зэхэж буй ажлыг товч танилцуулаад, багш оюутнуудын судалгааны ажил явуулах цар хүрээ, дадлага хийх боломжийг нэмэгдүүлэх нь тэдний ур чадвар, мэдлэгийг дээшлүүлж, онолын мэдлэгээ баталгаажуулахад нь ихээхэн чухал болохыг онцолсон юм.

     Харин ноён Йостын хувьд уг саналыг нааштайгаар дэмжиж буйгаа илэрхийлээд, Заарланд мужийн аж үйлдвэр, уул уурхай, бизнесийн байгууллагуудад оюутан залуусыг одоо суралцаж буй мэргэжлийн чиглэлээр нь судалгаа шинжилгээний төсөлд оролцуулах, дадлагын ажил хийлгэх бүрэн боломжтой гэдгийг мэдэгдсэн. Учир нь Заарланд муж нь хүнд үйлдвэр, уул уурхайн салбар өндөр түвшинд хөгжсөн бүс нутаг учир уул уурхайн ашиглалтын дараах нөхөн сэргээх үйл явц, шаазангийн үйлдвэрлэл, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр хамтран ажиллах боломж их байгааг Хүрээлэн буй орчны сайд хэлсэн үгэндээ дурдлаа.

      Тэрээр, “Дөрвөн жилийн өмнө би энэ сургуульд эрдэс чулууны үнэт цуглуулгыг зүгээр нэг бэлэглээгүй шүү. Энэ бол ирээдүйд хамтран ажиллах их итгэлцлийг бэлгэдэн өгсөн чин сэтгэлийн бэлэг байсан юм” гэлээ.

        Хүрээлэн буй орчны сайд Райнхолд Йостийн айлчлалын баг нь Ховд аймаг дахь эрдэс баялгийн орд газарт хийсэн хайгуулын “OPTIWIM” төслийн ажилтай танилцаж, “ADRIANA” гэх шинэ төслийг эхлүүлж байгаа юм.