Мэдээ

“Монгол Тэмүүлэл” лаборатори сургуулийн сурагчид МГТИС-тай танилцлаа

МГТИС-ийн хотхон (Налайх дүүрэг), 2019.02.01 БСШУСЯ-ны харьяа, олон улсын хөтөлбөрийн сургалттай “Монгол Тэмүүлэл” лаборатори сургуулийн 60 гаруй сурагч, багш нарын хамт Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд /МГТИС/ зочиллоо.

    Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад судалдаг агуулгыг орхигдуулахгүй судлах зарчмыг баримталдаг тус сургуулийн сурагчид МГТИС-ийн бакалаврын хөтөлбөрийг танилцуулах хичээлд хамрагдаж, хотхоны аялал хийж, оюутнуудын сайн дурын үйл ажиллагаатай танилцсан юм.

    Танилцах аяллын зэрэгцээ хоёр сургуулийн төлөөлөл сургалтын хөтөлбөр болон цаашид харилцан хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ.

     Өнөөдөр МГТИС-д хүрэлцэн ирсэн эдгээр сурагчид Герман мэдлэгийг Монголдоо нутагшуулж буй сургалтын хосолмол хөтөлбөр, туршилт судалгаа хийх өргөн боломж бүхий лабораториуд, тав тухтай орчныг бүрдүүлж чадсан оюутны дотуур байр, чөлөөт цагаа сонирхолтой зүйлдээ зориулах оюутны сайн дурын клубийн үйл ажиллагаа ихээхэн таалагдсаныг онцолж байлаа.