Мэдээ

ХБНГУ-ын ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга МГТИС-тай танилцлаа

МГТИС-ийн хотхон, 2019.01.23 ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ёханнес Шнайдер Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд өнөөдөр хүрэлцэн ирлээ. Тэрээр тус их сургуулийн хотхонтой танилцах аялал хийж, үйл ажиллагаатай танилцсан юм.

    МГТИС-ийн удирдлагууд ноён Шнайдерыг хүлээн авч уулзан, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн гол ажлаа танилцуулахын зэрэгцээ цаашдын төлөвлөгөө, хамтын ажиллагааны тухай ярилцлаа. Захирал Н.Дорждэрэм уг уулзалтад төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаарх мэдээллийг өгч, тэдгээрийг цаашид хийж хэрэгжүүлэхэд ХБНГУ-ын Элчин сайдын яамны дэмжлэг ихээхэн чухал болохыг онцолсон юм.

     Тус ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн даргаар шинэхэн томилогдож ирсэн ноён Шнайдерын хувьд Монгол-Герман хоёр орны засгийн газар харилцан зөвшилцөж, хамтран байгуулсан МГТИС-д өөрийн биеэр хүрэлцэн ирж, танилцсандаа баяртай байгаагаа илэрхийлээд, цаашид ойр дотно хамтран ажиллана гэдгээ мэдэгдлээ.

     Дэлхийн боловсролыг Монголдоо нутагшуулж, “Герман мэдлэг-Монгол ухаан”-ыг хослуулсан шилдэг инженерүүдийг бэлтгэхээр зорьж буй МГТИС-ийн төслийн гуравдугаар үе шат 2019 оны зургадугаар сард эхэлж, хотхоны өргөтгөлийн ажил албан ёсоор явагдана. Түүнчлэн энэ онд Фрайбергийн Техникийн их сургуультай Магистрын хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж, Бакалаврын шинэ хөтөлбөрүүдийг эхлүүлж буй гээд олон төсөлд тэд ойр хамтран ажиллахаа онцолсон юм.