Мэдээ

МГТИС, Фрайбергийн их сургууль хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

ХБНГУ, Фрайберг хот, 2018.12.05 Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) төлөөлөл энэ сарын тавны өдөр ХБНГУ-ын Фрайберг хотын Бергакадеми техникийн их сургуульд зочиллоо.

     Цаашид заах арга зүйн чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцэх нь уг айлчлалын гол зорилго байсан юм.

      Энэ өвлийн хичээлийн улиралд МГТИС-ийн таван оюутан Фрайбергт суралцаж байгаа бөгөөд энэ хичээлийн жилд багтан 15 оюутан, хоёр багш зуны хөтөлбөрт хамрагдах ажээ. Инженерийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг Бергакадемид Монгол оюутнуудыг дөрөв дэх жилдээ ийнхүү сургаж байгаа юм. Хоёр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд олгож буй эдгээр тэтгэлгийг Германы эрдмийн солилцооны алба (DAAD) санхүүжүүлсэн юм.

     Бергакадемийн захирал Проф. Др. Klaus-Dieter Barbknecht-ийн урилгаар МГТИС-ийн захирал Др. Н.Дорждэрэм, Сургалт хариуцсан дэд захирал Проф. Б.Батцэнгэл болон бусад профессоруудын хамт ийнхүү зочилж, Бергакадемийн Хүндэтгэлийн жагсаалтад гарын үсэг зурсан юм. МГТИС-ийн төлөөлөл мөн Эрдэс боловсруулах машин механизмийн хүрээлэнд зочиллоо.

     Фрайбергт айлчлахын өмнө Берлин хотноо МГТИС-д шинээр байгуулагдаж буй Бакалаврын хөтөлбөрийн танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа. МГТИС нь Фрайбергийн Профессор Жана Кертцшер болон Германы хэд хэдэн их сургуулийн экспертүүдийн оролцоотойгоор “Цахилгаан, эрчим хүчний инженер”, “Мехатроник инженер”-ийн сургалтыг 2019 оны хичээлийн жилд эхлүүлэхээр болов.

     Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн төслийн хоёрдугаар үе шат 2016 оны 10 дугаар сард эхэлж, 2019 оны зургаадугаар сард дуусна. Одоогоор төслийн гуравдугаар шатны бэлтгэл ажлыг гүйцэтгэж байгаа. Энэ ажлын хүрээнд Монгол дахь докторант оюутнууд Германы их сургуулиудад судалгааны ажилд гар бие оролцох боломж бүрдэнэ. Мөн магистрын хамтарсан Эрдэс баялгийн эрчимт өсөлт, боловсруулалт (Advanced Mineral Resources Development - AMRD)-ийн хөтөлбөрийг МГТИС-д хэрэгжүүлэх юм.

     МГТИС нь 2013 оноос хойш ашигт малтмал, нөөцийн менежмент болон хүрээлэн буй орчны чиглэлээр залуу инженерүүдийг бэлтгэж байна. Үүнд:

  • Механик инженер (Бакалавр)
  • Хүрээлэн буй орчны инженер (Бакалавр)
  • Түүхий эд, боловсруулалтын инженер (Бакалавр)
  • Үйлдвэрлэлийн эдийн засагч инженер (Бакалавр, 2016 оноос)
  • Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежмент (Мастер, 2017 оноос)

     Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлж, дасан зохицуулах үйл явцад Фрайбергийн Бергакадеми ихээхэн дэмжлэг үзүүлсэн юм. Түүнчлэн богино хугацаат гэрээгээр Герман багш нарыг МГТИС-д ажиллуулснаар сургалтыг Герман стандартад хүргэх боломжийг бүрдүүлж өгсөн юм.

     МГТИС нь ХБНГУ-ын канцлер Ангела Меркел болон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар 2011 онд харилцан зөвшилцөж үзэглэсэн гэрээний дараа байгуулагдсан, харьцангуй залуу их сургууль юм. Энэ нь Германы Түүхий эд боловсруулалтыг дэмжих ажлын хүрээнд энэ чиглэлээр Монголд чадварлаг мэргэжилтнүүдийг богино хугацаанд бэлтгэх зорилготой. Ингээд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ) хамтран МГТИС-ийг байгуулах, өргөжүүлэх хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр болсон билээ. Төслийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хэрэгжүүлж, Германы их, дээд сургуулиудтай түншлэх ажлыг (DAAD) гүйцэтгэж байгаа юм.

Эх сурвалж: www.tu-freiberg.de