Мэдээ

“Waste management” багийнхан хог хаягдлыг дахин боловсруулахад хувь нэмрээ оруулна

МГТИС-ийн хотхон, 2018.12.10 Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) оюутнуудаас бүрдсэн “Waste management” багийнхан хог хаягдлыг ангилан хаяж хэвших, дахин боловсруулах үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулж эхэллээ.

     Тэд дэлхий нийтийн жишгийн дагуу хаягдлаа боловсруулж, эрүүл орчинд амьдрах ёстой гэсэн зорилгын дор нэгдэж, өөрийн сургуулийн орчин дахь хог хаягдлын менежментийг сайжруулахаас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа оюутнуудын сайн дурын баг юм.

     Бидний өдөр тутмын материаллаг хэрэглээ их хэмжээний хог хаягдлыг бий болгосноор өнөөгийн нийгэмд тулгамдаж буй томоохон асуудал болоод буй. Хог хаягдлыг байгаль орчинд хохирол учруулахгүйгээр устгаж, үгүй болгох нь ихээхэн бэрхшээлтэй байдаг учраас тэдгээрийг дахин боловсруулах, эсвэл ландфилийн аргаар хор хөнөөлгүй болгодог. Дэлхий дээр хогийг дахин боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэн байгаль орчноо хамгаалж буй орнууд олон бий.

     Манай улсад энэ төрлийн боловсруулалт харьцангуй хожуу хөгжиж эхэлсэн ч, хог хаягдлыг дахин боловсруулж байгаа улс орнуудын туршлагаас жишээ авч, иргэдэд сурталчлан таниулах нь чухал байгаа юм.

     Тиймээс “Waste Management” багийнхан нэн түрүүнд МГТИС-ийн хотхоны хүрээнд хог хаягдлыг ангилан хаях тал дээр оюутан, багш, ажилтнуудыг хэвшүүлэх, мөн ангилсан цаас, хуванцрыг дахин боловсруулах үйлдвэр, түүхий эдийн цэгүүдэд түгээх ажлыг хэрэгжүүлж байна. Цаашлаад боловсруулж болох бусад төрлийн хог хаягдлыг ангилж, тэдгээрээс үүсэх хоёрдогч түүхий эдийг боловсруулах арга аргачлалыг судлан нэвтрүүлэх зорилго тавиад буй.

“Waste Management” багийнхан байгуулагдсан цагаасаа хойш:

  • “Миний Улаанбаатар” оюутны төслийн уралдаанд “Хог хаягдлын ангилан ялгалт ба байгальд-ээлтэй хэрэглээг төлөвшүүлэх нь” төслөөр – Шилдэг 10
  • “Эко – Даавуун уут” хөдөлгөөн – Байгальд хурдан шингэхүйц материалаар өдөр тутмын уут хийн, оюутнууыг байгальд ээлтэй, ухаалаг хэрэглээнд уриалав.
  • “Бизнесийн Шинэ Санаа” Налайх дүүргийн ЗДТГ-аас зохион байгуулсан төслийн уралдаанд “Тетра-пак савыг задлан дахин боловсруулж, ашигтай бүтээгдэхүүн гаргах үйлдвэр байгуулах нь” сэдэв бүхий төслийн суурь санаа– 1-р байр
  • МГТИС-ийн дотуур байранд цаас болон хуванцрыг ялган хаях хогийн савнуудыг хийж бүх давхарт байрлуулах зэрэг сайн дурын ажлыг хийж гүйцэтгэжээ.

      Багийн хамт олон одоогийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа цаашид тууштай үргэлжлүүлэхийн зэрэгцээ оюутнууд, харьяа дүүрэг, дүүргийн ахлах/дунд/бага сургуулиудтай хамтарсан хөдөлгөөнт ажил өрнүүлэхээр төлөвлөж байна.