Мэдээ

Хүрээлэн Буй Орчны Инженерчлэл сэдэвт эрдэм шинжилгээний хуралд олон улсын тэргүүлэх эрдэмтэд оролцлоо

МГТИС-ийн хотхон, 2018.09.03 УБ хотын Налайх дүүргийн Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (MГТИС) “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба инженерчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний бага хуралд Европ, Африк, Ази, Америк тивүүдээс нийт 120 эрдэмтэд оролцсон бөгөөд Уул уурхай ба Хүрээлэн буй орчин,  Ойн тогтвортой байдал ба Нөхөн сэргээлт, Агаарын бохирдлын хяналт ба удирдлага, Усны нөөцийн нэгдсэн менежмент (Байгаль нуур-Сэлэнгэ мөрний сав газрын усны нөөц) гэсэн үндсэн дөрвөн сэдвээр илтгэл тавигдаж хэлэлцүүлэг хийгдлээ.

Хурлыг нээж Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамыг төлөөлж Б. Ганбат, Германы Элчин Сайдын Яамыг төлөөлж Др. Кристиан Гласс, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийг төлөөлж Др. Франк Вуллкоф, ШУА-ийн Ерөнхийлөгч Проф. Д. Рэгдэл нар Монгол, ХБНГУ, АНУ, ОХУ, БНХАУ, Финлянд, Швед, Бүгд Найрамдах Кени Улс зэрэг олон орны оролцогчдод хандан баяр хүргэж үг хэллээ. Тэрбээр “Хөх тэнгэрийн орон болох Монгол улс болон бусад улс оронд цэвэр агаар, цэвэр ус, цэвэр хөрс нэн чухал” болохыг онцлон хэлж байлаа.

МГТИС-ийн Захирал Др. Н.Дорждэрэм тус их сургуульд 5 гаруй жил дэмжлэг үзүүлсэнд Монгол улсын Засгийн газар болон Герман улсын Засгийн газарт гүнээ талархал илэрхийлэв. МГТИС нь өдгөө анхныхаа бакалаврын хөтөлбөрийн оюутнуудыг амжилттай төгсгөж, 2016 онд Механикийн инженер, 2018 онд Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба инженерчлэл сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний хоёр бага хурлыг тус тус зохион байгуулаад байна.

Тус бага хуралд Герман улсаас Проф. Др. Карстен Дрэбэнштет, ОХУ-аас Проф. Др. Николай Касимов, Кени улсаас Проф. Др. Артур Абонгоо Окелло Ндегва, БНХАУ-аас Проф. Др. Ронгжианг Ма нар тус тус үндсэн илтгэл тавьлаа.

 

Энэхүү 3 өдрийн эрдэм шинжилгээний бага хурлын үеэр нийт 40 гаруй илтгэл тавигдаж, Налайхын уурхайтай танилцах аялалыг Налайх дүүргийн Засаг Даргын Тамгийн Газар, ИТХ–ыг төлөөлж С.Тунгалаг зохион байгуулав. Тус бага хурлын ерөнхий зохион байгуулагч Проф. Др. Даниэл Карте, Проф. Др. Петер Фоссен нар "Дэлхийн өнцөг булан бүрээс нэр бүхий тэргүүлэх эрдэмтэд судалгаа, шинжилгээнийхээ үр дүнг хуваалцахаар Монгол орныг зорин ирсэнд бид баяртай байна. МГТИС нь төрийн өмчийн Судалгааны Их Сургууль болохын хувьд  цаашид судалгаа шинжилгээний ажлаа улам өргөжүүлж, үндэсний болон олон улсын түвшинд стратегийн түншлэлийг бэхжүүлсээр байх болно. Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулснаар МГТИС нь Азийн бүс нутаг дахь Судалгааны Тэргүүлэх Хүрээлэн болох зорилгодоо хүрэх томоохон алхам хийлээ гэж бид үзэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.