Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх чадварлаг инженерийг эх орондоо бага зардлаар бэлтгэх зорилготой Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) арван нэгдүгээр сарын 18-нд “Хаалга нээлттэй” өдөрлөгийг сургуулийн хотхондоо амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн нээлттэй өдөрлөгт инженер болох сонирхолтой ахлах ангийн 160 гаруй сурагчид эцэг эх, багшийн хамтаар хүрэлцэн ирж, тусгайлан бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу МГТИС-ийн талаар өргөн мэдээлэл олж авлаа.
Өдөрлөгийн үеэр тус сургуулийн монгол болон гадаад багш, профессорууд Германы инженерийн боловсролд суурилсан бакалавр, магистрын хөтөлбөрийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл олгож, тест хичээлүүд орсон юм. Үүний зэрэгцээ сурагчид лабораторийн туршилт, хотхоны танилцуулга, оюутнуудын төслийн танилцуулга, англи хэлний тэмцээн зэрэг олон сонирхолтой хөтөлбөрт хамрагдлаа.


Мөн энэ өдөр МГТИС нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) дэмжлэгтэйгээр уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, МГТИС-ийн багш, оюутан, эцэг эхчүүдийг нэг дор уулзуулж, мэдээлэл солилцох, мэргэжлийн сүлжээг бий болгох, хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилготой “Үйлдвэрлэлийн өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд МАК, Оюу Толгой, Хасу Мегаватт, Премиум групп, Амжилтын гарц, Ачит ихт, Трансвест, Эс Эл Эс Бэринг Монголиа, Вагнер Ази, Дархан Геомаш, Лоро Пиана, Налайх дүүргийн МСҮТ, Эм Си Эс интернэшнл, Оюундарь-Эх зэрэг МГТИС-ийн хамтрагч  аж ахуй нэгж, компаниудын төлөөлөл оролцсон юм.
Өдөрлөгийн үеэр МГТИС-ийн захирал Н.Дорждэрэм дээрх байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр уулзалт хийж, МГТИС-ийн төгсөгчдийг ажлын байраар хангах боломжийн талаар ярилцлаа.
Бүх хичээл нь Англи хэл дээр явагддаг, төрийн өмчит МГТИС-ийн өдөрлөгүүдэд хүрэлцэн ирсэн нийт сурагч, оюутан, багш, эцэг эх, компанийн төлөөлөгч нартаа гүн талархал илэрхийлье.