2017 оны арван нэгдүгээр сарын 15-нд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Л.Болд, Ё.Баатарбилэг, Д.Тэрбишдагва тэргүүтэй албаны хүмүүс Монгол, Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хотхонд айлчилж, сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Айлчлалын эхэнд МГТИС-ийн удирдлагууд сургуулийнхаа талаар танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариулан, цаашдын хамтран ажиллах боломжуудын талаар санал бодлоо хуваалцлаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “21-р зууны монгол улсын хөгжлийн суурь эндээс төрнө гэдэгт итгэлтэй байна. Герман улсын бэлтгэсэн боловсон хүчин их үр дүнтэй ажилладаг. Уул уурхай, технологийн салбар Монгол Улсад чухал нөлөөтэй. Иймд засгийн газар энэ сургуулийг ихээхэн дэмжиж ажилладаг” гэв. Мөн тэрээр Кампус хөтөлбөрийг Налайх дүүрэгт хэрэгжүүлэх санал дэвшүүлж, Налайх дүүргийн засаг даргад энэ талаар санаачилгатай ажиллахыг зөвлөлөө.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тус сургуулийн өргөтгөлийг барихад шаардлагатай Монгол Улсын засгийн газраас санхүүжүүлэх 2.2 сая еврогийн санхүүжилтийг улсын төсөвт суулгах асуудлаар УИХ-д лобби бүлэг байгуулж, дэмжихээ илэрхийллээ. Мөн тэрээр тус сургуулийн оюутнуудыг гадаадад суралцах магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах асуудалд анхаарлаа хандуулна гэв.

 “Засгийн газрын үйл ажиллагаанд уул уурхайн салбарын боловсон хүчин бэлтгэх гэсэн тодорхой зорилт дэвшүүлсэн. Үүнтэй та бүхэн үйл ажиллагаагаа уялдуулан ажиллаж, боломжийг ашиглаарай хэмээн УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэллээ. Тэрээр байнгын хорооны зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Зочдын бүрэлдэхүүнд ХБНГУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Михаэль Фернау, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Кристиан Гласс, мөн ГОУХАН-ийн “МГТИС төсөл”-ийн захирал Франк Вуллкоф, Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар нар багтсан юм.