Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.

Үндэсний чуулганаас зөвлөмж гаргасан юм. Зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа танилцуулав.

 “Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдах, Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах асуудлын хүрээнд Нийслэлийн болон хүн ам ихээр төвлөрсөн төв суурин газруудын агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг идэвхжүүлж, үр дүнг дээшлүүлэх, нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төрөөс хэрэгжүүлбэл зохих богино, дунд, урт хугацааны бодлогыг олон нийтийн оролцоотойгоор тодорхойлох, төрийн байгууллагуудын бодлого, үйл ажиллагааг уялдуулах, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан иргэдийн “Амьдрах орчны аюулгүй байдал”-ыг хангах ажил, арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдсан “Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган” амжилттай болж өндөрлөлөө.

Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий Сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний Хорооны дарга У.Хүрэлсүх,  Монгол Улсын  Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн Ахлах зөвлөх, Цаг уур орчны шинжилгээний газар, Авто тээврийн үндэсний төв, ХБНГУ-ын Байгаль орчны агентлагийн мэргэжилтэн, Монгол Улсын Их сургуулийн эрдэмтэд, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ, Майдар төсөл, Эко клуб ТББ болон эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 1600 хүн оролцож бодлого шийдлийг хэлэлцэн, энэхүү зөвлөмжийг гаргалаа.

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Проф. Гүнтер Штер, МГТИС-ийн инженерийн тэнхимийн декан, Баттулгын Бямбасүрэн, МГТИС-ийн эрдэм шинжилгээний туслах ажилтан нар GLEAR -Гэр хорооллын айлуудын цэвэр агаар,  жижиг галлах системд тоосны шүүлтүүр хийх төслийн танилцуулгыг, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах сайжруулсан зуух хөтөлбөрийг  МГТИС-ийн Ахлах судлаач Доктор, С.Лодойсамба танилцууллаа.

Дэлгэрэнгүй австрактийг доорх линкнээс үзнэ үү ! 

УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОН АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ
GLEAR -ГЭР ХОРООЛЛЫН АЙЛУУДЫН ЦЭВЭР АГААР. ЖИЖИГ ГАЛЛАХ СИСТЕМД ТООСНЫ ШҮҮЛТҮҮР ХИЙХ НЬ
УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ, САЙЖРУУЛСАН ЗУУХ ХӨТӨЛБӨР