Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг багш нарын IV бага хурал энэ удаа 2017 оны 10-р сарын 21-нд Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуульд болж өндөрлөлөө. Бага хуралд Улаанбаатар хот, Дархан-Уул,  Хөвсгөл, Булган зэрэг төвийн бүсийн аймгуудын ЕБС-ийн байгалийн ухаан, гадаад хэлний 70 гаруй багш, мэргэжилтнүүд хамрагдлаа. Энэ удаагийн хурлын үндсэн зорилго нь ЕБС болон инженер технологийн чиглэлийн их, дээд сургуулиудын багш нар харилцан туршлага солилцох, иx дээд болон дунд сургуулиудад хэрэгжиж буй сургалтын шинэ арга зүйн талаар хэлэлцэх байсан. Уг бага хуралд МГТИС, МУИС,  Боловсролын хүрээлэн, "Шинэ Эрин" олон улсын лаборатори дунд сургууль, "Олонлог" сургууль, "Эрхэт Эрдэм" дунд сургууль, Дархан-Уул аймгийн "Оюуны Ирээдүй" ЦС, Булган аймгийн "Эрдмийн Өргөө" ЦС, Хөвсгөл аймгийн "Эрдмийн далай" ЦС-ийн багш, судлаачид илтгэл хэлэлцүүлснээс гадна үдээс хойш математик, физик, хими, англи хэл гэсэн 4 салбар хэсэгт хуваагдаж, хэлэлцүүлэг, сургалт явагдлаа.

Хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн төслийн баг, Хөвсгөл  аймгийн БСУГ,  Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.​