Олон улсын Физикийн 48 дахь олимпиад энэ жил Индонез улсын Ёгякатра (Yogyakatra) хотод болж өндөрлөлөө. Тус олимпиадад нийт 86 орны 400 гаруй сурагч оролцсон бөгөөд манай улсаас таван сурагч оролцож багаараа амжилт үзүүлээд эх орондоо ирсэн таатай мэдээг бид уншигч та бүхэнтэй хуваалцаж байна.

Тэд хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бөгөөд улсынхаа амжилтаар эхний 30 дотор багтаж байгаа нь оюуны спортынхоо зэрэглэлээр ЖИ-20 буюу дээд хэмжээнд ойртжээ.

Уг олимпиадад монгол улс 1997 онд анх ажиглагчаар орж эхэлснээс хойш 20 дахь удаагаа оролцож байгаа юм. Мөн энэ жил физикийн олон улсын олимпиад явагдаж эхэлсний 50 жилийн ой тохиож байгаа энэ түүхэн мөчид манай Монгол хүүхдүүд бахархмаар сайхан амжилтыг үзүүлээд эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаад ирлээ.

Тус багийн хүүхдүүдийг МУИС-ийн физикийн багш Д.Улам-Оргих ахлан явсан бөгөөд

  • “Шинэ Монгол” сургуулийн сурагч Лхагвадоржийн Дөлгөөн мөнгөн медаль,
  • “Сант” сургуулийн сурагч Луубаатарын Оюунтөгс мөнгөн медаль,
  • Хөвсгөл аймгийн Ирээдүй сургуулийн сурагч Сарангэрлийн Сумъяажав хүрэл медаль,
  • Нэгдүгээр сургуулийн сурагч Бямбажаргалын Амарболд хүрэл медаль,
  • Нэгдүгээр сургуулийн сурагч Эрдэнэчулууны Гарьд хүрэл медалийг тус тус хүртжээ.

Тэднийг олимпиадад оролцоход БСШУСЯ, МУИС, ШУТИС тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Харин, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хувьд тэднийг тав тухтай орчинд олимпиадын бэлтгэл, туршилтаа хийхэд нь сургуулийнхаа хотхонд үнэ төлбөргүй байрлуулж, лаборатори болон хичээлийн танхим, оюутны байраар хангаж тусаллаа.