Залуус маань өнөөгийн нийгэмд ажилтай орлоготой, үнэлэмжтэй байхын тулд мэргэжлээ зөв сонгож суралцах нь хамгийн чухал асуудал болоод байна. Ажил олгогчид өнөөдөр зөвхөн дипломтой төгсөгчийг бус өндөр мэдлэг чадвартай, харилцааны болон бусад ур чадваруудыг эзэмшсэн чанартай боловсон хүчнийг сонгож байна.
Ийм учраас дээд боловсролтой болж л байвал ямар ч хамаагүй сургуульд сурах бус ирээдүйд хэр үнэлэмжтэй, эрэлттэй мэргэжилтэн байх билээ гэдгээ бодож элсэх сургууль, эзэмших мэргэжлээ сонгохыг Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль танд зөвлөж байна.

Хэдийгээр монгол улсын төрийн өмчийн хамгийн отгон сургууль ч гэлээ бид дээд боловсролын шинэчлэлд загвар болж, герман мэдлэгтэй, монгол ухаантай, өндөр мэдлэг ур чадвартай, чанартай инженер мэргэжилтнүүдийг эх орондоо бэлтгэхийг зорин ажилладаг.
Үүний тулд сургалтын хөтөлбөрүүдийн онцлог давуу тал, ирээдүйн боломжууд, тэтгэлэгүүдийн талаар Элсэлтийн шалгалт болон бусад үйл ажиллагаануудын үеэр эцэг эхчүүд, хүүхэд залуучууддаа сургуулийн хотхоны бодит орчин нөхцөлийг танилцуулж, сурах-сургах үйл явцын талаар үнэн бодит ойлголт өгдөг уламжлалтай.

Ингэж элсэгчид болон эцэг эхчүүдэд сургуулийнхаа талаар хангалттай мэдээлэл өгөх нь тэдэнд элсэн суралцах сургуулиа сонгоход, харьцуулалт судалгаа хийхэд том тусламж болдог юм. Бид өнгөрсөн Баасан гарагт зохион байгуулагдсан Элсэлтийн шалгалтын үеэр мөн энэхүү тусламж үйлчилгээг тэдэнд үзүүлсэн нь хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдэд их тааламжтай байлаа.
Эзэмших мэргэжил, элсэн суралцах сургуулиа зөв сонгох нь хүүхэд залуусын маань ирээдүйн амьдралын баталгаа төдийгүй улс эх орныхоо хөгжилд оруулж буй томоохон хувь нэмэр юм. Ингээд МГТИС-ийн Элсэлтийн шалгалтыг амжилттай өгч тэнцсэн нийт шалгуулагчдадаа баяр хүргэж өндөр амжилтыг хүсье.